Зургийг: С.Батсайхан
Мал, махны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор амьд малын экспортыг өнгөрсөн оны аравдугаар сараас дахин эхлүүлээд байна. Энэ он гарсаар Монгол Улс 24 мянга 540 толгой хонь, ямаа, адуу экспортлоод байгаа бол 2022 оны эцсийн байдлаар 2.4 сая ам.долларын өртөг бүхий 23 мянга 100 толгой хонь, 5392 толгой ямаа, 11 толгой адуу нийт 28 мянга 503 толгой мал экспортолжээ. Сүүлийн гурван жилд Монгол Улс дунджаар 2.3 сая толгой мал экспортолсон байна.
Оны эхний улирлын байдлаар мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний экспорт 51.5 сая ам.доллар, хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 55.4 сая ам.доллар байж Монгол Улсын экспортын нэлээдгүй хэсгийг бүрдүүлж байгаа юм.
Малын тоо толгой өсөж, зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатай болсонтой холбоотойгоор Засгийн газраас баталсан “Мал махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд тусгаснаар мал сүргийн тоо, толгойн өсөлт, бэлчээрийн даац, хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэлх хувийг экспортлохыг зөвшөөрсөн байдаг аж.
Үүнээс гадна өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, мал сүргийн өсөлтийг харгалзан энэ оны аравдугаар сар хүртэлх хугацаанд давхардсан тоогоор 26 аж ахуйн нэгжид хонь, ямаа, адууны махыг квотгүйгээр, мөн үхрийн түүхий 8000 тонн мах болон дулааны аргаар боловсруулсан 5000 тонн нийт 13 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл олгоод байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 1.9 мянган тонн мах бэлтгэн, экспортлохоор Бодлогын гэрээ байгуулаад байгаа аж.
2022 онд 43 аж ахуйн нэгж 10 улсад 16.1 мянган тонн мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд 10 мянган тонныг нь өнгөрсөн оны сүүлийн хоёр сард гаргажээ. Нийт экспортын 90 гаруй хувийг БНХАУ, үлдсэнийг нь Иран, Арабын Нэгдсэн Эмират, Казахстан улс болон Хонгконг эзэлж байна. Өнгөрсөн оны эцсийн байдлаар БНХАУ, ОХУ, Япон, Казахстан, Киргизстан, Узбекистан, Азербайжан, Иран, Арабын Нэгдсэн Эмират, Катар, Хонгконг, Вьетнам руу 50.6 сая ам.долларын өртөг бүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон аж. Тухайлбал: 6.9 мянган тонн адууны мах, 144.5 тонн үхрийн мах, 3.9 мянган тонн хонь, ямааны түүхий мах, 5000 тонн боловсруулсан мах, 252 тонн дайвар бүтээгдэхүүн экспортод гаргасан байна.
Covid-19-ийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны зургаадугаар сараас БНХАУ мах, махан бүтээгдэхүүний экспортыг хязгаарласан ч өнгөрсөн оны 11 дүгээр сараас экспорт эргэн сэргэсэн юм. Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний сард 0.9 мянган тонн адууны мах, 0.8 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, нийт 1.7 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлоод байгаа аж.
Covid-19 цар тахлын дэгдэлтээс өмнөх хоёр жилд Монгол Улс 129 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж байсан бол цар тахлын хязгаарлалт, тээвэр логистикийн хүндрэл, эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлаас шалтгаалан энэ хэмжээ 45 хувиар буурчээ. Тухайлбал: 2021 онд 21.8 мянган тонн, 2020 онд 38.8 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон байна.
Монгол Улсын мал сүргийн тоо толгой сүүлийн таван жилд дунджаар 3.8 хувиар өсөж, 2022 оны эцсийн байдлаар 71.1 сая болсон байна. Үүнээс 15 сая толгой мал буюу дунджаар 20 хувийг нь хүнсэнд хэрэглэж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар байгаа аж. Аймаг, орон нутгаас ирүүлсэн судалгаагаар 2022-2023 онд хүн амын хэрэгцээнд 12.8 сая толгой мал буюу 387.9 мянган тонн мах нийлүүлж, нийт мал сүргийн 9.1 хувь буюу 186 мянган тонн мах экспортлох боломжтой юм байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад олон улсын худалдааны хорио цээртэй шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчин тасралтгүй бүртгэсэн нь малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох боломж, нөхцөлийг хязгаарлаад байгаа юм.
Мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын худалдааны хорио цээртэй өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалт, халдваргүйтгэл, шилжилт хөдөлгөөний хязгаарлалт, тандалтын арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байгаа аж. Мөн мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг малчин өрх нэг бүрээр цахимаар төлөвлөж, гүйцэтгэл, хяналтыг хэрэгжүүлэх, гарал үүсэл, эрүүл нь баталгаажсан малыг үйлдвэрт төхөөрч, ул мөрийг мөшгөн тогтоох зорилгоор Мал эмнэлгийн болон махны үйлдвэрийн үйл ажиллагааны системийг нэвтрүүлэн ажиллаж байгааг салбарын яам онцолж байна.