УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан энэхүү хуулийн төсөлд намын санхүүжилтийн нэг хэсэг болох хандивын хувьд хуулийн этгээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин, хувь хүн 12 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хандив өргөнө. Намын санхүүжилт нь нэг эх үүсвэрээс бус олон эх үүсвэрээс авдаг байх, тухайн санхүүжилтийг шилэн дансны тухай хуулиар зохицуулах заалтууд тусгагдсан гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлсэн юм.
Мөн Парламентад суудал авсан намуудад улсын төсвөөс тодорхой хэлбэрээр дэмжлэг үзүүлж ирсэн зарчмыг хэвээр хадгалж, нийт сонгогчдын хоёр хувийн саналыг авсан намд суудлын мөнгө өгөхгүй, саналынх нь тоогоор санхүүжилт олгох заалт оруулсан гэж тайлбарлалаа.
Монгол Улс авлигын төсөөллийн индексээр дэлхийд 117 дугаарт бичигддэг бөгөөд энэхүү индексийг тооцдог 18 шалгуурт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын ил тод байдлыг үнэлдэг байна. Гэвч эдгээр мэдээлэл хангалтгүй байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд онцолж байсан юм.
Үүнээс гадна одоогийн намын хатуу гишүүнчлэлийн зарчим нь иргэдийг талцуулах шалтгаан болж байна гэж зарим гишүүд үзэж байна.