Зургийг: president.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын Үндсэн Хуульд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 11 хэсэгт заасан журмын дагуу биечлэн хүргэж, танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг нотлон баталгаажуулсныг Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу УИХ-аар батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж, танилцуулсан байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар оролцжээ.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ нэг танхимтай байх бөгөөд 126 гишүүнээс бүрдэнэ. 126 гишүүний 78-ыг сонгуулийн мажоритар, 48 гишүүнийг пропорциональ аргаар сонгоно гэж батлаад байна. Үндсэн хуулийн өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр үйлчлэх юм.