logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    "Meta" дэлхийн “Топ-20” компанийн жагсаалтаас хасагдаж, "Amazon"-ийн үнэлгээ $1 их наядаас доошлох эрсдэлд оров
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 28 14:20
    156
    "Amazon.com"-ийн хувьцааны ханш доод түвшинд хадгалагдсаар байвал зах зээлийн үнэлгээ нь 240 тэрбум ам.доллароор буурах төлөвтэй байна

    "Amazon.com" компанийн пүрэв гарагийн орой гаргасан орлогын тайлангийн үзүүлэлт тааруу байсны улмаас зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллароос доошлох эрсдэлд оржээ. 

    Тайлан гарсны дараа тус компанийн хувьцааны ханш 21 хүртэл хувиар унаж, 87.59 ам.доллар болсон байна. Энэ нь тус компанийн дотооддоо гаргасан IV улирлын орлогын төсөөлөл шинжээчдийн таамагтай харьцуулахад бага байсантай холбоотой аж. 

    Хэрэв өнөөдрийн арилжаагаар "Amazon.com"-ийн хувьцааны ханш ийнхүү доод түвшинд хадгалагдсаар байвал зах зээлийн үнэлгээ нь 240 тэрбум ам.доллароор буурах төлөвтэй байна. Энэ нь тус компанийн 2006 оноос хойших  хувьцааны ханшийн хамгийн том уналт болох бөгөөд пүрэв гарагийн биржийн хаалтын үеэр зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 1.13 их наяд ам.доллар байжээ. 

    Amazon-GFX.png

    Цар тахлын улмаас цахим худалдаа нэмэгдэж, өнгөрсөн онд "Amazon.com"-ийн үнэлгээ хамгийн ихдээ 1.88 их наяд ам.доллар хүрч байсан аж. Эдийн засгийн өсөлт удааширч байгаатай холбоотойгоор тус компанийн хувьцааны ханш оны эхнээс өнгөрсөн пүрэв гараг хүртэлх хугацаанд 33 хувиар буураад байна. Тус компанийн захирал Жефф Безос нэгэн үе дэлхийн хамгийн чинээлэг эрхэм байсан бол өнөөдөр тэрбумтнуудын жагсаалтын гуравдугаарт бичигдэх боллоо. 

    Сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй инфляцын өсөлтийн улмаас АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ удаа дараа нэмэгдүүлсэн нь технологийн компаниудад хүндээр тусжээ. Үүнтэй холбоотойгоор нэг их наяд ам.доллароос илүү зах зээлийн үнэлгээтэй компанийн тоо энэ онд эрс буураад байна. Эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл, нийлүүлэлтийн хэлхээний саатал, БНХАУ-ын COVID-19-ийг Үл тэвчих бодлого болон Украины дайн зэрэг асуудлаас үүдэн технологийн салбарын "Nasdaq 100" индекс өнгөрсөн оны дээд түвшнээсээ 30 хувиар буурчээ. 

    Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla" компанийн зах зээлийн үнэлгээ оргил үедээ 1.2 их наяд ам.доллар хүрч байсан бол өнөөдрийн байдлаар 710 тэрбум ам.доллар болоод байна.

    Meta-GFX.png

    Мөн "Facebook"-ийн толгой компани "Meta Platforms"-ийн зах зээлийн үнэлгээ энэ онд 676 тэрбум ам.доллароор буурч, дэлхийн "Топ-20" компанийн жагсаалтаас хасагдаад байгаа юм.

    Пүрэв гарагт "Meta Platforms"-ийн хувьцааны ханш 25 хувиар буурсан нь энэ оны хоёрдугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлт болжээ. Тус компани энэ онд өөрсдийн шинэ "VR" төсөлдөө хэт их хөрөнгө зарцуулж байгаагаа олон нийтэд зарласнаар хөрөнгө оруулагчдыг сандаргаад амжсан юм.

    Оны эхэнд зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.доллар дөхөөд байсан "Meta Platforms" компани ийнхүү зах зээлийн үнэлгээгээрээ жагсаалтын 27 дугаарт бичигдэх боллоо. Үүнтэй холбоотойгоор "Morgan Stanley" тэргүүтэй хөрөнгө оруулалтын банкнууд хувьцааны зэрэглэлийг нь бууруулаад байна.

    Cэтгэгдэл бичих