Зургийг: LVMH Moet Hennessy Louis Vuitton SE
Францын тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “LVMH” групп “Fortnite” видео тоглоомоороо алдаршсан “Epic Games” компанитай хамтран ажиллахаар боллоо.
Тус компани хамтын ажиллагааны хүрээнд виртуал загварын өрөө бүтээх, мөн загварын шоу зохион байгуулах замаар илүү олон хэрэглэгч татахыг зорьж буйгаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн “LVMH”-ийн бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ коллекц болон зар сурталчилгааг “Epic Games” компани 3D технологи ашиглан бүтээх юм байна. Энэ нь технологид ойр өссөн залуу үеийнхнийг татахад тустай болохыг “LVMH”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Тони Беллони онцолжээ.
“Epic Games”-ийн “Fortnite” нь өдгөө зөвхөн видео тоглоом гэхээсээ илүүтэй хүмүүс хоорондоо харилцдаг, виртуал хөгжмийн тоглолт зохион байгуулагддаг цахим орон зай болоод байгаа юм.