Зургийг: Ludovic Marin/AFP/Getty Images
Агаарын тээврийн салбар цар тахлын өмнөх үеийн түвшинд эргэн ирж сэргэхэд бараг дөрвөн жилийн хугацаа өнгөрчээ. Энэ долоо хоногт олон улсын хэмжээнд агаарын тээврийн суудал дүүргэлт 2019 оны түвшнээс давах гэж байгааг агаарын тээврийн аналитикийн “Cirium” компани мэдээллээ. Энэ нь Covid-19 цар тахлын дараах сэргэлтийн үед гарч буй томоохон амжилтад тооцогдохоор байна.
1.17 их наяд ам.доллароор хэмжигддэг дэлхийн агаарын тээврийн зах зээл цар тахлын улмаас анх удаа хямралд орсон юм. Улс орнууд олноороо хилээ хааснаар агаарын тээврийн компаниудын онгоцнууд зогсоол дээрээ өнжих болж, салбар дампуурах дээрээ тулж байлаа.
Харин нислэгүүд одоо эргээд бүрэн хүчин чадлаараа үйлдэгдэхээр болж, холын зайн нислэгийн тасалбарын тоо хэд дахин өссөн нь агаарын тээврийн салбарын тэсвэр тэвчээр болон байнгын өөрчлөлтөд дасан зохицох чадвартайг илтгэлээ.
Хэдий тийм боловч цар тахлын дараа тус салбар илүү ээдрээтэй салбар болж хувираад байна. БНХАУ-аас ирж, очих нислэг бага хэвээр байгаа нь агаарын тээврийн гол зах зээлд тооцогддог тус улсыг сэргэлтийн гадна үлдээж байна. Мөн түүнчлэн агаарын тээврийн компаниудад цар тахлаас үүдсэн нийлүүлэлтийн хомсдол нүүрлэсэн хэвээр байгаа юм. Дээр нь ОХУ-ын агаарын орон зай барууны агаарын тээврийн олон компаниудад хаагдсан нь цар тахлын дараах сорил бэрхшээлийг нэгээр нэмэгдүүлж байна.
Энэ онд агаарын тээврийн салбарын орлого 2019 оны үзүүлэлтээс 40 хувиар доогуур байх төлөвтэй байгааг Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо мэдээллээ. Түүнчлэн бизнес аялал бүрэн сэргээгүй байгаа төдийгүй ер нь сэргэх эсэх нь ч тодорхойгүй байгаа аж.
“Салбарын орлого 2019 оны түвшинд хүрч өссөн ч зардал нь 18-19 хувиар өндөр гарсан. Улмаар төлбөр 35-40 хувиар нэмэгдсэн нь галзуурсан өсөлт болж байна. Өмнө нь ийм зүйл болж байхыг би харсан, энэ бол тогтвортой хөгжилд сөрөг нөлөөтэй” хэмээн “TD Cowen” компани дахь АНУ-ын агаарын тээврийн шинжээч Хеллен Беккер өгүүлж байлаа.
2019 онд гадагш чиглэсэн аяллаараа дэлхийд тэргүүлж байсан БНХАУ дэлхийн зах зээлд одоо л дөнгөж эргэн ирж байна. 2020 оны эхээр хэд хэдэн улс түрүүлж хилээ хаасны дотор дотоодын эдийн засгаа эн тэргүүнд тавьсан БНХАУ байсан юм. Тус улс Австрали, АНУ, Их Британи руу хийх групп аялалд тавьсан хоригоо дөнгөж өнгөрсөн наймдугаар сард цуцалсан байна.