Ухаалаг гар утасны дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-д “Apple” компанийн шинэ загварын “iPhone”-ийн борлуулалт тааруу байгаа тул орлогын үзүүлэлт нь өмнөх төсөөлөлд хүрэхгүй байх төлөвтэй болжээ.
“iPhone 14” гар утасны дөрвөн загварын БНХАУ дахь борлуулалт өмнөх “iPhone 13”-тай харьцуулбал худалдаанд гарсныхаа эхний 38 хоногт 28 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн сүүлийн долоо хоногийн борлуулалт нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 33 хувиар буураад байгааг “Jefferies”-ийн шинжээчид онцолжээ.
Энэ онд хэрэглэгчдийн зарцуулалт эрс багассан нь дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд, ялангуяа БНХАУ-ын зах зээлд хүчтэй нөлөөлж байна. Ухаалаг гар утас, дэлгэц, санах ойн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг “Samsung” компани тус улс дахь борлуулалтын удаашрал эд ангийн бизнесийнх нь өсөлтийг хойш татаж байгааг мэдэгдээд байв. Мөн өнгөрсөн долоо хоногт Жөнжоу хот дахь “iPhone”-ийн гол үйлдвэр нь гэнэтийн хөл хорионд орсноос болж “Apple” компанид нийлүүлэлтийн талаас сорилтууд учрах магадлалтай болжээ.
БНХАУ-ын дотоодын брэндүүдийн борлуулалт он гарсаар эрс унаад байгаа бол “Apple”-ийн бүтээгдэхүүнүүд эрэлтээ хадгалж, есдүгээр сараар эцэслэгдсэн гурван сарын хугацаанд борлуулалтын өсөлт нь 5.7 хувь хүрсэн байна.
“Apple”-ийн шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарснаас хойших эхний хэдэн долоо хоногийн борлуулалт нь он дуусах хүртэлх компанийн үйлдвэрлэл болон бүтээгдэхүүний үнийн бодлогыг шийддэг.
Дэлхийн цахим худалдааны хамгийн том арга хэмжээ гэж тооцогддог БНХАУ-ын “Ганц биечүүдийн өдөр” буюу 11 дүгээр сарын 11-ний өдрөөр бүтээгдэхүүний хямдрал өмнөх жилийнхээс илүү жинтэй бөгөөд өргөн хүрээтэй байхыг шинжээчид таамаглаж байна. Жишээлбэл: “Alibaba”-ийн эзэмшдэг “Tmall” цахим дэлгүүр дээр “iPhone 14” загварын гар утас 400 юанийн хямдралтай худалдаалагдаж байгаа аж.