Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Фүмио Кишидатай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, Япон улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Хоёр улсын төр, Засгийн тэргүүн нар Монгол Улс, Япон улс хоорондын харилцааг цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хүрээнд бүс нутаг, олон улсын тавцанд хоёр улс тус тусдаа Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далайн үзэл санааны хүрээнд дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорилго болгон “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” байгуулахаар санал нэгдсэн байна.
Энэ удаагийн айлчлалын үеэр Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Дархан-Уул аймгийн дэд станцад бага чадлын батарейн цэнэг хураагуур суурилуулахаар боллоо. Мөн “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцож, хоёр улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурсан байна.
Монголын талаас Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт, газрын ховор элемент, ховор металл зэрэг ашигт малтмал болон “Устөрөгчийн үйлдвэрлэл ба дагалдах бүтээгдэхүүн боловсруулах” чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Японы талд илэрхийлжээ.
Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой.
Айлчлалын үеэр цаашид Улс төр, аюулгүй байдлын салбар, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт, дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа зэрэг дөрвөн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон байна.
Түүнчлэн эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх Япон улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр хоёр тал нягт хамтран ажиллахаар болсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар мэдээллээ.