Өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарлаж, Украины эзлэгдсэн бүс нутгуудыг улсынхаа бүрэлдэхүүнд нэгтгэхээ мэдэгдлээ. Ингэснээр долоон сар үргэлжилж буй Украины дайны нөхцөл байдал болон ОХУ, Өрнөдийн холбоотон орнууд хоорондын зөрчил улам хурцдаж байна.
Владимир Путин телевизээр ард иргэддээ хандан мэдэгдэл хийхдээ "ОХУ одоогоор NATO-ийн төвлөрсөн хүчтэй тулалдаж байгаа"-г онцлоод “Эх орноо хамгаалахын тулд байгаа бүх хүч, боломжоо дайчилна” хэмээн амласан байна. Тиймээс дээрх арга хэмжээ нь ОХУ-ын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад нэн чухал, яаралтай ач холбогдолтой болохыг өгүүлжээ. Мөн тэрбээр Өрнөдийн орнуудыг “Манай оронд сүйрэл авчрахыг хүсэж, Украины ард түмнийг сумны бамбай болгон ашиглаж байна” хэмээн буруутгав.
Үүнээс өмнө Украины тал давшиж, ОХУ-ын тал хяналтаа тогтоогоод байсан газар нутгийн 10 гаруй хувийг эргүүлэн авснаар ОХУ-ын арми дайн эхлэх үеэс хойших хамгийн том ялагдлаа амсаад байв.
Цэргийн хэсэгчилсэн дайчилгаа гэдэг нь одоогоор батлан хамгаалахын нөөц хүчинд буй бэлтгэл үүрэгтнүүдийг албанд татна гэсэн үг аж. Мөн тэрбээр цэргийн дайчилгааг явуулах зарлигт гарын үсэг зурсан ба энэ шийдвэр өнөөдрөөс нэн даруй хэрэгжиж эхлэхийг мэдэгдлээ.
Владимир Путины мэдэгдлийн дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дайчилгааны тухай бусад нарийн мэдээллийг танилцуулжээ. Тодруулбал: эхний ээлжид 300 мянган бэлтгэл үүрэгтнийг цэрэгт татах бөгөөд дайчилгаанд хугацаат цэргийн албан хаагчид, их, дээд сургуулийн оюутнууд болон сонсогчдыг хамруулахгүйг мэдээлсэн байна.
Мягмар гарагт Кремлиэс одоогоор хяналтад нь үлдээд буй Украины бүс нутгууд болох Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудыг ОХУ-д нэгтгэх бүх нийтийн санал асуулгыг есдүгээр сарын 23-27-ны хооронд зохион байгуулах болсноо зарлав. Харин Украин болон холбоотон орнууд энэ санал асуулгыг хууль бус гэж үзсэний зэрэгцээ үр дүнг нь хүлээн зөвшөөрөх орнуудын тоо маш цөөхөн байх төлөвтэй байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин
“Эх орон, тусгаар тогтнолоо хамгаалж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалж, манай үндэстэн болон чөлөөлөгдсөн бүс нутгуудын ард түмний аюулгүй байдлыг хангахын тулд ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа явуулах тухай Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын саналыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Давтан хэлэхэд, хэсэгчилсэн дайчилгаа гэдэг нь одоогоор нөөц хүчинд буй бэлтгэл үүрэгтнүүд, тэр дундаа зэвсэгт хүчинд алба хааж, батлан хамгаалах чиглэлээр тодорхой хэмжээнд мэргэшиж, зохих туршлага эзэмшсэн иргэдэд зөвхөн хамааралтай. Дайчилгаанд татагдсан алба хаагчид бие бүрэлдэхүүнд нэгдэхээс өмнө цэргийн тусгай ажиллагааны туршлага дээр суурилсан нэмэлт сургуулилалтад заавал хамрагдана. Хэсэгчилсэн дайчилгааны зарлигт миний бие гарын үсэг зурсан. Хуульд заасны дагуу энэ зарлигийн тухай Холбооны хурлын танхимууд, Холбооны зөвлөл, Төрийн Думд албан захидлаар мэдэгдэнэ. Дайчилгааны ажиллагаа есдүгээр сарын 21-нээс буюу өнөөдрөөс эхэлнэ” гэж мэдэгдлээ.