Зургийг: Qilai Shen/Bloomberg
Сүүлийн гурван жилийн хугацаанд БНХАУ-ын хөдөлмөр эрхэлж буй хүн амын тоо 41 саяар буурсныг тус улсын Статистикийн товчоо мэдээллээ.
Энэ нь цар тахлын эдийн засагт үзүүлсэн нөлөөллөөр зогсохгүй хөдөлмөрийн насны хүн ам хурдацтай буурч байгаагийн илрэл юм.
2022 оны байдлаар БНХАУ-д 733.5 сая иргэн ажил хөдөлмөр эрхэлж байсан аж. Үүнтэй харьцуулахад 2019 онд хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тоо 774.7 сая орчим байжээ.
Үүний зэрэгцээ тэтгэвэрт гарах иргэдийн тоо хурдацтай нэмэгдэж байгааг дата мэдээлэл харуулж байгаа юм. Ингэснээр Бээжингээс тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаарыг өсгөх шаардлагатай тулгарч магадгүй байгаа аж.
Цар тахлын үеэр БНХАУ-д залуучуудын ажилгүйдлийн түвшин өссөн нь үүнд нөлөөлж буй бас нэгэн хүчин зүйл болохыг Хонгконгийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн профессор Стюарт Гител-Бастен онцолж байна.
Мөн 2012 оноос хойш БНХАУ-д 16-59 насны хүн амын тоо тогтвортой буурсаар байгаа юм. Тухайлбал: сүүлийн гурван жилд энэ насны бүлэгт хамаарах иргэдийн тоо 38 саяар буурч, 857.6 сая болжээ. БНХАУ-ын тэтгэвэр тогтоолгох насны доод хязгаар сүүлийн 40 жилд өөрчлөгдөөгүй аж.
Тус улсын хүн амын дундаж наслалт нэмэгдсэн ч эрэгтэйчүүд 60 нас, эмэгтэйчүүд 55 насандаа тэтгэвэрт гардаг хэвээр байгаа юм.