Зургийг: Chona Kasinger/Bloomberg
1995 онд “Microsoft” компанийн хамтран үүсгэн байгуулагч Билл Гэйтс интернэтийг компанийн бүхий л үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлэх “их давлагаа” болох болно гэж тэмдэглэж байсан бол 20-иод жилийн дараа тус компанийн одоогийн Гүйцэтгэх захирал Сатья Наделла тэрхүү их давлагаа нь өдгөө хиймэл оюун болж байгааг онцолсон байна.
“Биллийн 1995 оны тэмдэглэл шиг зүйл одоо тохиох мэт санагдаж байна. Яг л тийм том хэмжээний хувьсал” хэмээн Сатья Наделла "Bloomberg"-т ярьжээ.
“Microsoft”-ийн үйл ажиллагааг хиймэл оюунд хөрвүүлэхээр компанийн авсан хамгийн сүүлийн арга хэмжээ нь “OpenAI” компанитай эхлүүлсэн хамтын ажиллагаа нь юм. “OpenAI”-ийн бүтээсэн генератив хиймэл оюуны технологи ихээхэн шуугиан тарьсан бөгөөд программ хангамжийн салбарт тэргүүлэгч “Microsoft” компаниас 13 тэрбум ам.долларын санхүүжилт татаж чадсан.
“Манай хоёр компани хоорондоо маш сайн харилцаатай. Технологийн компаниудын хооронд энэ хэмжээний, томоохон хамтын ажиллагаа ихэнхдээ л бүтдэггүй. Харин бидний хамтрал бол эерэг амжилтын жишээ. Бид үүнд маш баяртай байна” хэмээн “OpenAI” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Олтман өгүүлж байлаа.
Гэвч энэхүү хамтын ажиллагаа ихээхэн шүүмжлэлд өртсөн. Хамгийн идэвхтэй шүүмжлэгч нь “OpenAI”-ийг хамтран үүсгэн байгуулсан ч сүүлд компанийн удирдлагын арга барил, мөн ашгийн төлөөх нэгж байгуулсанд нь санал зөрөлдөж, компаниас зам салсан Илон Маск юм. Тэрбээр “OpenAI”-ийг “Microsoft-ийн атганд бүрэн орсон” гэсэн юм.
Харин Илон Маскийн энэхүү шүүмжлэл болон “Microsoft” компани “OpenAI”-ийг хэзээ нэгэн цагт худалдан авах уу гэдэг асуултад хариу болгож Сэм Олтмэн “Компанийг зарахгүй. Үүнээс өөрөөр яаж тодорхой хэлэхээ мэдэхгүй байна” хэмээж байлаа.
Тухайн үеийн өрсөлдөгч нь болох “Netscape” компани Билл Гэйтсийг интернэтэд анхаарал хандуулахад хүргэсэн шиг “OpenAI” байгуулагдаж, “Microsoft” түүнийг дэмжсэн үйл явдал нь “Google” хиймэл оюуны талбарт ноёрхох вий гэсэн болгоомжлолоос үүдэлтэй юм. Хувьслыг авчрагч хэмээн цоллогдоод буй “OpenAI”-ийн “ChatGPT” болон “Microsoft”-ийн “Bing” чатботууд бүтээгдэх суурь шалтгаан нь “Google” байсан юм. “Google” хиймэл оюуны талбарт хүчтэй өрсөлдөгч хэвээр байгаа ч салбарын тэргүүлэгчдээр “Microsoft” болон “OpenAI” нар тооцогдож байна.
Мэдээж хэрэг Билл Гэйтсийн дээрх тунхаглалын дараа “Microsoft”-ийн вэб хөтөч “Internet Explorer” нь “Netscape”-ийг шахан гаргасан нь АНУ-ын Засгийн газар монополийн хатуу хууль гаргахад хүргэж байв. Харин хиймэл оюуны талбар дээр “OpenAI”-ийн хувьд тийм нөхцөл байдал үүсэхэд хол байна. “Энэ бол ердөө нэг өрсөлдөөний талбар бус. Харин энэ цаг үед технологийн салбарын гал авалцсан өрсөлдөөний цэг болж байна” хэмээн Сам Олтмэн өгүүлж байлаа.
“Microsoft” компанийн төлөөлөгчийн ярьснаар тус компани хиймэл оюуны өрсөлдөөнийг дэмжихийн тулд Засгийн газартай ярилцаж хэлэлцэхдээ дуртай байгаа аж. “Bloomberg”-т өгсөн ярилцлагад Сатья Наделла хиймэл оюуны жинхэнэ үр нөлөө хараахан ил болоогүй байгааг анхааруулсан юм.
“Технологийн салбарынхан бид юмсыг хөөргөн дэвэргэхдээ үнэхээр мэргэжлийн. Энэхүү технологийг салбарын бидний гол зорилго болсон тэрхүү зүйлд л ядахдаа ашиглаж хэргийг нь гаргах хүсэл маань намайг урагш хөдөлгөж байна. Тэр бол хиймэл оюуныг бүх нийтэд хүртээмжтэй болгох явдал” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.