Зургийг: С.Батсайхан
“Монгол шуудан” ХК оны эхний хагас жилд 11.8 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оны мөн үеэс 18.8 хувиар өссөн дүн болохыг Монголын Хөрөнгийн биржид тайлагнасан байна. Тайлант хугацаанд тус компани 480.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 7.3 дахин өссөн үзүүлэлт боллоо.
Хил дамнасан и-худалдаа буюу транзит үйлчилгээний хувьд Хөшигийн хөндийн нисэх буудалд 14 удаагийн нислэгээр 56 тээвэр хийсэн байна. Мөн Эрээн боомтоор 21 чингэлэг тээвэр, 19 удаагийн дамжин өнгөрөх тээврийг зохион байгуулжээ. Энэхүү үйлчилгээг өргөжүүлэх, шинэ зах зээлд нэвтрүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Беларусь улсын шуудангийн байгууллагатай гэрээ байгуулсныг онцолж болохоор байгаа юм.
Үүнээс гадна тус компани Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд улс хоорондын шуудан ялган боловсруулах төвийн барилгын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэн гэрээ байгуулсан байна. Ингэснээр энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа онцоллоо.