Тогтмол өсөж байгаа эрэлтийн улмаас 2030 он гэхэд дэлхийн зах зээлд жил бүр 50 мянган тонн цагаан тугалганы хомсдол үүсэх эрсдэл үүсээд байгаа гэж Олон улсын цагаан тугалганы холбоо (ITA) мэдээллээ.
Мэргэжилтнүүдийн анхааралд төдийлөн өртөөд байдаггүй энэхүү чухал металлыг хүмүүс ихэвчлэн лааз хийхэд ашиглагддаг гэдгээр нь мэддэг. Хэдий тийм боловч өнөөдрийн байдлаар цагаан тугалганы нийт хэрэглээний зөвхөн 12 хувийг сав баглаа боодолд ашиглаж байна. Харин тус металлын жил бүрийн хэрэглээний тэн хагасыг компьютерын эх хавтангийн гагнуурт ашигладаг аж.
Тиймээс цаашид дэлхий ертөнц илүү интернэтэд суурилсан чиглэл рүү хөгжих тусам төдий чинээ их хэмжээний цагаан тугалга шаардлагатай болно. Мөн цагаан тугалгыг нарны хавтан болон цэнэг хураагуурт ашигладаг тул ногоон эрчим хүчний хөгжлийг даган эрэлт нь нэмэгдэх төлөвтэй байгаа юм.
Цагаан тугалганы уурхайнууд дэлхийн зах зээлд жил бүр 380 мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тиймээс энэ салбарт олборлолтыг 50 мянган тонноор нэмэгдүүлэх нь амаргүй даалгавар байх болно.
Мөн сүүлийн жилүүдэд үнийн савлагаа ихэссэн болон цагаан тугалганы дэлхийн хамгийн том экспортлогч Индонез улсад байгалийн баялагтай холбоотой үндсэрхэг үзэл нэмэгдэж байгаа зэрэг сорилтууд тулгараад байгаа юм.
2030 оноос үүсэх 50 мянган тонны хомсдолоос сэргийлэхийн тулд үйлдвэрлэлийн салбарт ойролцоогоор 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж ITA тооцоолжээ. Энэ нь дунд хэмжээтэй зэсийн уурхайн өртөгтэй тэнцэх зардал боловч цагаан тугалганы үнийн савлагаа хэт өндөр байдгаас хөрөнгө оруулагчид тус салбараас болгоомжлох хандлагатай байдаг.
Ялангуяа энэ онд үнийн савлагаа маш өндөр байсан аж. Лондоны Металлын биржид өнгөрсөн гуравдугаар сард цагаан тугалганы үнэ тонн тутамд 51 мянган ам.доллар буюу дээд түвшинд хүрээд байсан ч 11 дүгээр сар гэхэд цагаан тугалганы үнэ тонн тутамд 17 мянга 350 ам.доллар болж, сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрч байжээ. Харин өнөөдрийн байдлаар нэг тонн цагаан тугалгыг Металлын биржид 24 мянга 430 ам.доллароор арилжиж байна.
Үнийн савлагаанд цар тахлын нөхцөл байдал хэсэгчлэн нөлөөлжээ. Ази болон Өмнөд Америк дахь гол үйлдвэрлэгчид цар тахлын хатуу хөл хорионы улмаас хүнд цохилтод өртсөн бөгөөд 2020 болон 2021 онд дэлхийд тэргүүлэгч 10 уурхайн олборлолт нийт 13 хувиар буурсан байна. Харин үүнтэй зэрэгцэн хөл хорионд орсон иргэдийн дунд цахилгаан барааны хэрэглээ өссөн тул үүнийг дагаад цагаан тугалганы эрэлт нэмэгджээ.
Харин энэ оны хувьд бүх зүйл эсрэгээрээ эргээд байна. Уурхайнуудын үйлдвэрлэлийн гарц нэмэгдэж байгаа ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эрэлт буурчээ. Өнгөрсөн онд 7.6 хувиар өсөөд байсан цагаан тугалганы эрэлт энэ оны эцсээр 0.6 хувиар буурах төлөвтэй байгаа гэж ITA-ийн судалгаагаар тогтоожээ.
Мөн Индонез улсын Засгийн газарт цагаан тугалганы гулдмайн экспортыг хориглох талаар яриа гарч эхэлсэн нь үнийн савлагаа үүсэхэд багагүй нөлөөлсөн байна. Тус улсын хувьд өнгөрсөн онд нийт 75 мянган тонн боловсруулсан цагаан тугалга экспортолсон бөгөөд энэ оны эхний 10 сард нийлүүлэлт нь өнгөрсөн оныхоос найман хувиар өссөн байна. Индонез улс цагаан тугалганы нийлүүлэлтээр БНХАУ-ын дараа хоёрдугаарт бичигддэг.
Шинээр баригдах цагаан тугалганы уурхайн төсөл бүтээгдэхүүний үнэ тонн тутамд 18 мянган ам.доллартой тэнцүү байвал ашиггүйд тооцогдоно.
Үүнээс гадна дэлхийн нийлүүлэлтийн багагүй хэсгийг бичил уурхайнууд хангаж байгааг харгалзан үзэх хэрэгтэй. Хэдий тийм боловч уурхайг ашигтай ажиллуулахын тулд цагаан тугалганы үнэ 50 мянган ам.доллар ч байх шаардлагагүй. Тогтвортой үйл ажиллагаа бүхий уурхай байгуулахад цагаан тугалганы үнэ тонн тутамд тогтмол 25 мянгаас 30 мянган ам.доллар байхад хангалттай гэсэн мэргэжилтнүүдийн судалгаа гарсан байна.
Салбарын олонх үйлдвэрлэгчид сүүлийн хоёр жил савлагаатай байсан зах зээл цаашид тогтворжино гэсэн хүлээлттэй байгаа юм.