2021 онд Хүүхдийн мөнгө хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газар 1.2 их наяд төгрөг зарцуулсан байна. Харин 2023 онд нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөг олгоход 1.39 их наяд төгрөг зарцуулахаар байгаа ажээ. Өөрөөр хэлбэл мөнгөн дүнгийн хувьд 2021 оноос өссөн үзүүлэлт болж байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгаагаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг зогсооход өрхүүдийн 21.7 хувийнх нь амьжиргаанд ямар нэгэн нөлөө гарахгүй гэж үзжээ. Харин үлдсэн 37.9 хувь нь “Хүүхдийн мөнгөгүй бол маш хэцүү, зогсоож огт болохгүй” гэж хариулсан бол 40.5 хувь нь “Хүүхдийн мөнгө авахгүй бол хэцүү гэхдээ боломжтой” гэсэн байна.
УИХ-ын намрын чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хүүхдийн мөнгийг 100 хувиас 91 хувь руу буулгасан байна. Үүнийгээ дорвитой буулгаж эхний ээлжид дор хаяж 20 хувь хүртэл буулгах боломж байна" гэж онцолж байсан юм.
2022 оны төсөвт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг үргэлжлүүлэн сунгасан нь импортын эрэлтийг нэмэгдүүлж, инфляц болон валютын ханшид ирэх дарамтыг нэмэгдүүлснийг Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) Ажлын хэсэг онцолж байв. Тиймээс 2023 онд Хүүхдийн мөнгийг эмзэг давхарга буюу зорилтот бүлэгт чиглүүлэхийг зөвлөсөн юм.
Мөн Хүүхдийн мөнгө олголт нь инфляц 2023 он дуустал Монголбанкны зорилтот түвшнээс өндөр байхад нөлөөлөхөөр байна гэж ОУВС анхааруулж байна.