Зургийг: Petro Matad/Josh White
Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй газрын тосны “Petro Matad” компани сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж байгаа “Sunsteppe Energy”-тэй хамтарсан компани байгуулахаар боллоо. Тэрхүү хамтарсан компани нь Монголд нар, салхины эх үүсвэрийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэж, уул уурхайн төслүүдэд нийлүүлэхэд чиглэх юм байна.
Түүнчлэн мягмар гарагт “Petro Matad” компани “Heron” төслийн талбайд газар ашиглах зөвшөөрөл авах явц урагшилж байгааг мэдээллээ. Хэдий тийм боловч зөвшөөрөл олгох явц тооцоолж байснаас удаан байгааг онцолж байна.
Тус компани бүтээгдэхүүн хуваах хоёр гэрээгээр газрын тосны XX болон V блокт үйл ажиллагаа явуулах эрхтэй. Мөн хайгуул хийх тусгай зөвшөөрлийг холбогдох байгууллагаас авсан ч орон нутгийн удирдлагаас газар ашиглах зөвшөөрлийг олгохгүй байсаар өдийг хүрчээ. Түүнчлэн орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн улмаас XX талбайд сүүлийн жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан юм.
Хэдий тийм боловч “Petro Matad” компани өнгөрсөн оны зургаадугаар сард 6.6 сая ам.доллар татан төвлөрүүлжээ. Уг хөрөнгөөр V блокт өрөмдлөгийн ажлаа II улирлаас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.