logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Гадаад валютын нөөц оны эхнээс 21.32 хувиар өсөж, $4.124 тэрбум болов
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 04 16:14
    945

    Зургийг: Dimas Ardian/Bloomberg

    Гадаад валютын нөөцийн жилийн өсөлт сүүлийн таван сар дараалан 20-48 хувьтай байна

    Энэ оны есдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.124 тэрбум ам.доллар болж, өмнөх сараас 4.86 хувиар өссөнийг Монголбанк мэдээллээ. Энэхүү үзүүлэлтийг оны эхнээс аваад үзвэл 21.32 хувиар өссөн бол өмнөх оны мөн үеэс 47.59 хувиар нэмэгджээ. Гадаад валютын нөөцийн жилийн өсөлт сүүлийн таван сар дараалан 20-48 хувьтай байгаа юм.

    Монголбанк есдүгээр сард гадаад валютын найман удаагийн дуудлага худалдаа явуулж арилжааны банкнуудад нийт 288 сая ам.доллар нийлүүлсэн байна.

    Нөгөө талаас төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, оны эхнээс өссөн дүнгээр 551 сая гаруй ам.долларын ашигтай гарсан нь валютын нөөцөд эерэг нөлөө үзүүлсэн гэж Монголбанк мэдээллээ. Мөн 2023 онд “Оюутолгой” төслийн гүний уурхайн хөрөнгө оруулалтад сард дунджаар 100 орчим сая ам.доллар орж ирж байгаа нь валютын нөөцөд дэмжлэг болж буйг онцолж байна.

    Одоогийн байдлаар нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ буюу 47 сая тонн хүрснээр төлбөрийн тэнцлийн голлох данс болох урсгал дансны алдагдал буурчээ. Ингэснээр валютын нөөц өсөх боломж бүрдсэн гэж Засгийн газар үзэж байна. Цаашид 2024 онд Засгийн газар 60 сая тонн нүүрс экспортлох зорилтоор улсын төсвийн төслийг боловсруулаад байгаа юм.

    2023 оны сүүлийн улиралд Хөгжлийн банкны бондын эргэн төлөлтүүд хүлээгдэж байгаа бол 2024 онд хувийн хэвшлийн бондын төлбөрүүд хүлээгдэж байна.

    Cэтгэгдэл бичих