Зургийг: Taylor Weidman/Bloomberg
Монгол Улсын экспортын үзүүлэлтийг жинтэй хөдөлгөдөг ганц хүчин зүйл болох нүүрсний экспорт 2024 он буюу сонгуультай жилд төсвийн орлого бүрдэхэд голлох үүрэгтэй байх нь.
60 сая тонн
2024 онд Монгол Улсын нүүрсний экспортын биет хэмжээг 60 сая тонн хүргэхээр ирэх оны төсөвт тусгав. Үүнд тулгуурлан ирэх онд уул уурхайн салбарын нийт орлого найман их наяд төгрөг хүрч, төсвийн нийт орлогын 29 орчим хувийг бүрдүүлнэ гэж үзжээ.
Харин энэ онд 50 сая тонн буюу түүхэн дээд хэмжээгээр нүүрс экспортолно гэж төсвийн тодотголоор батлаад байгаа. Оны эхний найман сарын байдлаар 41 сая тонныг экспортолсноос харвал энэ зорилтыг биелүүлэх боломж харагдаж байна.
Биелэх боломжтой
Төсвийн орлогыг 2023 оныхоос 21 гаруй хувиар нэмэгдүүлж тусгасан нь ерөнхийдөө нүүрсний экспортын үнэ, хэмжээ энэ жилийн өндөр түвшиндээ хадгалагдана гэдэгт мөрийцсөн хэрэг болж байна. Цор ганц худалдан авагч БНХАУ-ын нүүрсний импорт болон дотоодын олборлолтын хэмжээ аль аль нь наймдугаар сард дээд түвшиндээ хүрсэн юм.
Хэдийгээр БНХАУ нь Австрали, ОХУ зэрэг орноос өндөр чанартай нүүрсний импортоо нэмэгдүүлж буй ч бусад орнуудтай харьцуулбал Монгол Улсын нүүрсний экспорт өсөлтөөрөө хол тэргүүлж байгаа юм. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа тэлж, мөн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал, автоматжуулалт сайжирна гэж үзвэл нүүрсний экспорт ирэх онд үргэлжлүүлэн өснө гэж таамаглах үндэслэл бий. Гэвч зах зээл үргэлж нэг хэвээрээ байдаггүйг санах хэрэгтэй.
Баттай сөрөг нөлөө
Дээрх өөдрөг төсөөллүүд нь сонгууль угтсан төсвийн тэлэлтийн үетэй давхцаж байна. 2024 оны төсөв өмнөх жилээсээ таван их наяд төгрөгөөр тэлж, алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувьтай тэнцэхээр тусгажээ. Хүүхдийн мөнгө, Төрийн албан хаагчдын урамшуулал, нэмэгдэл зэргийн зарцуулалт нэмэгдэнэ.
Эрсдэл оршсоор
Монголын нүүрсний гарц зорилтот хэмжээнээсээ 10 хувиар л багасахад төлбөрийн тэнцэлд дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний дарамт учрах эрсдэлтэйг “Fitch Ratings”-ийн шинжээч Крисжанис Крустинс анхааруулж байв.