
Зургийг: Ioana Epure/Bloomberg
Ногоон дугаартай автомашинуудыг нэгдүгээр эгнээгээр явуулж, дугаарын хязгаарлалтад өртөхгүй байх зохицуулалт хийх чиглэлийг Засгийн газраас Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд даалгасан байна. Тодруулбал: цахилгаан, бензин хосолсон автомашинд ногоон дугаар олгох, нэгдүгээр эгнээгээр зорчуулах, Улаанбаатар хотоос Замын-Үүд, Хөвсгөл хүртэл тус тус долоон байршилд цахилгаан автомашин цэнэглэх цэгүүдийг байгуулахыг салбарын сайдад даалгав.
Мөн тодорхой төрлийн цахилгаан автомашиныг ногоон зээлд хамруулах, цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц байгуулсан аж ахуйн нэгжид нэг хувийн татварын хөнгөлөлт болон хөнгөлөлттэй зээл олгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж мэдээллээ. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын дунд сонгон шалгаруулалт зарлаж, орон нутагт цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх дэд бүтэц байгуулах юм байна.
Үүнээс гадна энэ онд таван аймагт 30 МВт-ын нарны цахилгаан станц бүхий 20 МВт-ын хүчин чадалтай, 80 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын төслийг хувийн хөрөнгө оруулалтаар барих төслийг сонгон шалгаруулж, 12 дугаар сарын нэгэнд ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.
Мөн нарны панель болон цэнэг хураагуур тавьсан бол хэрэглээнээс давсан эрчим хүчээ төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх боломж олгохоор болсон байна.