logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Минжмаа
    15 аймгийн 194 суманд зуд болох эрсдэл өндөр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 10 11:20
    314
    8 аймгийн 13 суманд цагаан зудын, 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдал руу шилжлээ

    Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Хэнтий зэрэг найман аймгийн 13 суманд цагаан зудын, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 12 аймгийн 37 сум цагаанаар зудархуу байдалд шилжээд байна. Тухайлбал: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Хэнтий, Хөвсгөл зэрэг 15 аймгийн 194 сум зуд болох нэн өндөр эрсдэлтэй байдалд байгаа аж.

    Нийт нутгийн 60 шахам хувь нь цасан бүрхүүлтэй зудын эрсдэл их, 30 гаруй хувьд дунд зэрэг эрсдэлтэй, 10 орчим хувьд бага эрсдэлтэй байна.  Өнгөрсөн онд гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа ажээ.

    download.jpg

    Зуд болох өндөр эрсдэлтэй аймаг, сумдад 100 орчим мянган өрхийн 35.9 сая мал өвөлжихөөс 30.4 сая мал орон нутагтаа, 5.5 сая мал отроор өвөлжиж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээлэв.

    Дийлэнх сумдын нутагт нь их хэмжээний цас орсны улмаас өвөлжилт хүндрэх төлөвтэй болоод буй Баян-Өлгий аймагт хоёр сая 500 мянга буюу хонин толгойд шилжүүлснээр 4.2 сая толгой мал өвөлжих тооцоо гарчээ. Тус аймаг нийт 3.5 сая га талбай бэлчээртэйгээс 80 орчим хувийнх нь бэлчээрийн даац 1-5 дахин хэтрээд байгаагаас шалтгаалан дээрх тооны мал сүрэг бэлчээрээр өвөлжих боломжгүй, нэн эрсдэлтэй байгаа аж.

    Түүнчлэн өвөлжилтийн эрсдэлийн үнэлгээгээр Баянхонгор аймгийн 90 орчим хувь нь зудын өндөр эрсдэлтэй гэж гарсан байна. Хангайн нуруугаа дамнасан сумд цагаан зудтай байгаа бол тал хээрийн бүсийн сумын нутагт отрын мал нэлээдгүй ирсэн, хараар зудархуу байдалтай, харин говийн сумдын хувьд зуншлага тааруу байсны улмаас хавартаа нэлээдгүй хүндрэх төлөвтэй байгааг тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга мэдээллээ. Аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр 3.7 сая толгой мал тоолуулаад байгаа бөгөөд бусад аймгаас тус аймагт 56 мянган толгой мал ирж отроор өвөлжиж байгаа ажээ. 

    2022 оны мал тооллогын жилийн эцсийн урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд 4.8 сая адуу, үхэр 5.5 сая үхэр, 470 мянган тэмээ, 32.7 сая хонь, ямаа 27.6 сая ямаа буюу нийт 71.1 сая мал тоологдоод байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 5.6 хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.  Хөвсгөл аймаг 6.3 сая, Архангай аймаг 5.9 сая, Төв аймаг 5.11 сая, Хэнтий аймаг 5.1 сая, Сүхбаатар аймаг 4.6 сая мал тоолуулж тэргүүлснийг гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих