Зургийг: Dhiraj Singh/Bloomberg
Хиймэл оюуны халуурал дундах арилжаанд нэгэн хөрөнгө оруулалтын сан өвөрмөц, ховор санаануудыг тандан илрүүлэх замаар ихээхэн амжилт олж байна.
"Fairlight Asset Management"-ийн Ник Креганы хувьд хиймэл оюуны ачаар өсөн дэвжих бололцоотой, эсвэл хиймэл оюуны сөрөг үр дагавраас сайтар хамгаалагдсан гэж өөрийн үзсэн компаниудыг сонгон хөрөнгө оруулдаг. Түүний энэхүү итгэл нь "Fairlight"-ийн бага, дунд хөрөнгөтэй компаниудад чиглэсэн сан жилийн хугацаанд 24 хувиар өсөж, нийт өрсөлдөгчдийнхөө 97 хувийг ардаа орхиход гол дэмжлэг болсныг "Bloomberg" тооцоолжээ.
"Бид хиймэл оюуны талбар дахь ялагчийг сонгох гээгүй. Энэ бол дэндүү эрсдэлтэй тоглоом гэж бодож байна. Зарим компаниуд яваандаа бусдаасаа тасарч, тоглоомд ялах гэж байгаа мэт санагдаж эхэлнэ. Гэтэл гэнэт огт өөр сонирхолтой технологи шинээр гарч ирж, тэр бизнесийг бүрэн орлох болно" хэмээн Ник Креган ярилцлагадаа дурджээ.
Өнгөрсөн онд “ChatGPT” гарснаас хойш нүд ирмэх зуур хиймэл оюуны тэсрэлт газар авч, компаниуд түүнтэй өрсөлдөх программ, бүтээгдэхүүн гаргахаар уралдаж буй. Он гарсаар "Nasdaq 100" индексэд багтдаг компаниудын зах зээлийн үнэлгээ дөрвөн их наяд орчим ам.доллароор өссөн нь цар тахлын огцом өсөлтийн үеэс дутахааргүй өндөр дүн болж байна. 2023 онд "Nasdaq 100" индекс 31 хувийн өсөлттэй байгаа бол "S&P 500" индекс 15 гаруй хувиар өсөхөд технологийн хувьцаанууд гол жин даржээ.
Сиднейд төвтэй "Fairlight"-ийн эзэмшдэг томоохон хувьцаануудын нэг бол он гарсаар 26 хувиар өсөөд байгаа Германы цахим худалдааны платформ "Scout24" юм. Тус компани бүтээгдэхүүний үнэлгээ тогтоож, зах зээлийн хандлагад дүн шинжилгээ хийхэд нь хиймэл оюун туслах боловч бүтээгдэхүүний цахим бааз болон хэрэглэгчийн баазыг нь орлох магадлал багатайг Ник Креган өгүүлж байна. Тодруулбал: "Scout24" нь аль хэдийн салбартаа тэргүүлэгч болсон тул хиймэл оюун зөвхөн тэдний веб сайтын үр бүтээмжийг сайжруулж, бүтээгдэхүүний үнэлгээ тогтооход оролцоно гэж тэрбээр үзжээ.
Түүнчлэн тэрбээр АНУ-д төвтэй автомашины дуудлага худалдааны "Copart" дээрхтэй ижил шалтгаанаар хувь эзэмшдэг байна. "Copart"-ийн нэгж хувьцааны ханш нь 2023 онд 43 хувиар өсөөд байгаа юм.
2018 онд байгуулагдаж, өдгөө 612 сая ам.доллароор үнэлэгдэж буй тус сангийн энэхүү амжилтын суурь нь бага, дунд хөрөнгөтэй компаниудын боломжийн үнэтэй хувьцаа болохыг Ник Креган онцолжээ.