
Цахилгаан автомашины шилжилтэд хэрэгтэй санхүүжилтийг эрэлхийлж буй автомашин үйлдвэрлэгчид энэ онд дэлхийн хэмжээнд 28 тэрбум ам.долларыг “ногоон бонд” хэлбэрээр зээлэх төлөвтэйг “Bloomberg Intelligence” тооцоолсон байна. Энэ нь тус салбарын өнгөрсөн онд татан төвлөрүүлсэн нийт дүнгээс хоёр дахин илүү дүн болох аж.
Автомашин үйлдвэрлэгчдийн гаргасан “ногоон бонд” болгон арилжаалах боломжтой олон тооны өрийн хэрэгслийн хугацаа энэ онд дуусаж байгаа нь дээрх өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлөхийг “Bloomberg”-ийн шинжээч Кристофер Ратти онцолж байна. Тодруулбал: автомашин үйлдвэрлэгч компаниудын 132 сая ам.долларын үнийн дүн бүхий бонд энэ онд хугацаа нь дуусах ойрын таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт болохоор байгаа аж.
Бодлогын хүүгийн өндөр түвшин, зээлдэгчдийн эргэлзэнгүй хандлагатай холбоотойгоор дэлхийн тогтвортой зээлийн олголт 2022 онд түүхэндээ анх удаа буурсан үзүүлэлттэй гарсан юм. Харин “ногоон бонд”-ууд 2022 онд 11 хувиар буурч, 480 тэрбум ам.доллар болсон нь жилийн дүнгээр хамгийн бага үнийн дүнтэй бууралт болсон бөгөөд БНХАУ-д худалдан авалт нэмэгдсэн нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.
Өнгөрсөн онд автомашины салбарт гаргасан “ногоон бонд”-ын дүнгээрээ “Volkswagen”, “Honda Motor”, “General Motors” болон “Ford Motor” компани тэргүүлжээ. Эдгээрээс хамгийн өндөр буюу дөрвөн тэрбум ам.долларын “ногоон бонд” гаргасан “Volkswagen” компанид энэ онд дахин санхүүжүүлэлт хийх шаардлага үүсэхгүй байх магадлалтай бол өнгөрсөн онд анх удаа “ногоон бонд”-ын зах зээлд орсон “Honda”, “GM” компаниудын хувьд арилжаагаа нэмэгдүүлэх боломжтойг шинжээчид онцолсон байна.