Зургийг: Anindito Mukherjee/Bloomberg
БНХАУ-ын “BYD” компани Вьетнамд цахилгаан автомашинаа үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус улсын Засгийн газрыг дэмжинэ гэж найдаж байгаагаа илэрхийллээ. Өнгөрсөн баасан гарагт “BYD”-ийн үүсгэн байгуулагч Ван Чуаньфу Вьетнам улсын Ерөнхий сайдын орлогчтой уулзсан байна.
Уулзалтын дараа тэрбээр Вьетнам улс “BYD”-д үйлдвэрлэлээ яаралтай эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж найдаж байгаагаа мэдээллээ. Мөн Вьетнамд дотоодын нийлүүлэлтийн сүлжээг бүрдүүлэхээр төлөвлөснөө мэдэгдэлдээ дурджээ.
“BYD” хилийн чанад дахь анхны үйлдвэрээ Тайланд улсад байгуулж байгаа юм. Вьетнамаас гадна Филиппин, Индонез улсад үйлдвэрээ нээхээр хэлэлцэж байгаа ажээ.
БНХАУ-ын “Hozon New Energy Automobile” компани өнгөрсөн долоо хоногт 2024 оноос эхлэн Тайланд улсад цахилгаан автомашин үйлдвэрлэж эхлэх гэрээ байгуулсан байна.
БНХАУ-ын Засгийн газар цахилгаан автомашины салбарыг дэмжсэн хэвээр байхаа илэрхийлсний дараа даваа гарагт “BYD”-ийн хувьцааны ханш Хонгконгийн биржид хоёр хувиар өслөө.
Он гарсаар тус компанийн хувьцааны ханш 25 хувиар өсөөд байгаа юм. “BYD” өнгөрсөн сард 210 мянга 295 нэгж автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт болоод байна.