Зургийг: Didi Global Inc
“Didi Global” автомат жолоодлоготой автомашины концепт болон жолоочгүй таксины үйлчилгээгээ танилцууллаа. Энэ нь “Didi Global” Бээжингийн технологийн салбар дахь хатуу зохицуулалтын гол бай болсноос хойших анхны томоохон бизнесийн шинэчлэлт болж байна.
Тус компани “Didi Neuron” хэмээх футурист хэв маягийн автомашины анхны хувилбарыг Шанхайд болсон арга хэмжээний үеэр танилцуулсан юм.
Мөн жолоочгүй таксины “RoboTaxi” үйлчилгээг Шанхай, Гуанжоугийн хэд хэдэн дүүргийн зарим хэсэгт ашиглах боломжтой болсныг мэдээлжээ.
Тус компани “RoboTaxi”-ийн дараагийн үеийн туршилтын шатыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг автомашин үйлдвэрлэгч нартай хамтран ажиллаж, дараагийн үеийг 2025 он гэхэд бизнесийнхээ экосистемд нэгтгэхийг зорьж байгаа аж.
Мөн “Didi Global” компани “KargoBot” нэртэй логистикийн бизнестээ автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр Тяньжин, ӨМӨЗО хооронд туршилт явуулж байгаа юм.