Уур амьсгалын стратегийнхаа талаар худал мэдээлсэн нь тогтоогдсон компаниудын эсрэг зохицуулах байгууллагууд хамгийн хатуу арга хэмжээг авахаар төлөвлөж буйг “JPMorgan Chase” банкны шинжээч Жан-Хавьер Хекер үнэлгээндээ дурджээ.
Тэрбээр “Байгаль орчин, нийгэм, засаглалын (ESG) шалгуурын гол сэдэв нь уур амьсгалын өөрчлөлт болж, “greenwashing” буюу “хуурамч ногоон” зорилтын эсрэг хатуу тэмцэж эхлэх төлөвтэй. Энэ сэдвээр хийсэн судалгаа шинжилгээ олдоц сайтай, мөн илүү шийдэмгий бөгөөд эрчтэй арга хэмжээ авах шаардлага байгаа болохоор тэр” хэмээн өгүүлсэн байна.
Энэхүү өөрчлөлт нь “Нүүрсхүчлийн ялгарлыг “тэглэх” Глазгоугийн санхүүгийн холбоо”, “Science Based Targets”, “Climate Action 100+” зэрэг уур амьсгалын хамгийн том эвслүүдэд ихээр нөлөөлж, стандартаа сайжруулахад нь шахалт үзүүлж магадгүй байгаа аж.
Байгаль орчин, нийгэм, засаглалтай холбоотой бүгдийг олон жилийн турш идэвхтэй дэмжсээр ирсэн хууль эрх зүйн хүрээний зохицуулагчид өдгөө энэ талд илүү хязгаарлалттай бодлого баримталж эхэлжээ. Үр дүнд нь санхүүгийн мэргэжилтнүүд “ESG”-ийн мэдэгдэл хийхдээ илүү болгоомжтой хандаж, ялангуяа нүүрсхүчлийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх амлалтаас болж хуулийн хариуцлага хүлээх ч боломжтойг анхаарах болсон байна.