“Apple” компани жолоочгүй цахилгаан автомашины төслийнхөө зорилтыг өөрчилж, зах зээлд нийлүүлэх товыг 2026 он хүртэл нэг жилээр сунгасан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Тус компанийн "Titan" хэмээх автомашины төсөл сүүлийн хэдэн сарын турш зогсонги байдалд байгаа юм.
“Apple”-ийн Удирдах албан тушаалтнууд өнөөгийн технологийн хөгжлийн түвшинд жолооны хүрд болон педальгүй бүрэн автомат жолоодлоготой автомашин бүтээх нь бараг боломжгүй гэсэн бодит байдалтай эвлэрэхэд хүрээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор төсөлд томоохон өөрчлөлт оруулж, зөвхөн хурдны замд автомат жолоодлогын горимыг ашиглах боломжтой, жолооны хүрд болон педальтай илүү "даруухан" загвар үйлдвэрлэхээр “Apple” компани шийдсэн гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Хамгийн сүүлийн эдгээр өөрчлөлтүүд нь шинэ бүтээгдэхүүний салбарт байр сууриа олоход дэлхийн хамгийн том компаниудад хүндрэл учруулж буй технологийн дэвшлийн сорилтууд “Apple” компанид хэрхэн нөлөөлж байгааг илүү тодотгож өгсөн байна.
Олон жилийн туршид нууцаар хэрэгжүүлж байсан энэхүү нууц төсөл нь “Apple” компанид өөр нэгэн томоохон орлогын эх үүсвэрийн нээхийн зэрэгцээ тэдний хүчин чадлын хязгаарлалтыг шалгасан сорилт болсон юм.
Одоогоор “Apple”-ийн зүгээс хурдны замд автомат жолоодлогын горимыг ажиллуулж, хотын гудамжаар зорчиход эсвэл цаг агаарын тохиромжгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд гар удирдлагад шилжихийг сануулдаг автомашиныг хөгжүүлэхээр төлөвлөөд байна. Тэд энэхүү бүтээгдэхүүнээ эхний ээлжид Хойд Америкийн зах зээлд нэвтрүүлж, цаашид сайжруулалт хөгжүүлэлтийг тогтмол хийж явахаар төлөвлөж байгаа юм.
Өмнө нь "V түвшний" автоматжуулалт буюу одоогоор ямар ч автомашин үйлдвэрлэгчийн нэвтрүүлээгүй бүтээгдэхүүнийг санал болгоно гэсэн төлөвлөгөөтэй байсан аж. Одоогийн төсөл нь алсын харааны хувьд илүү хязгаарлагдмал болсон байна.