logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Украины цохилтуудаас үүдсэн шатахуун түлшний хомсдол ОХУ даяар улам газар авч байна
    Bloomberg News
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 24 18:19
    460

    Зургийг: AFP/Getty Images

    (Bloomberg) -- Газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг нь онилсон Украины цуцалтгүй довтолгооны улмаас ОХУ-д шатахууны хомсдол улам даамжирч, засаг захиргааны нийт субъектуудын 2/3-т нь нийлүүлэлтийн тасалдал, худалдан авалтын хязгаарлалт зэрэг асуудал нүүрлээд байна. 

    Украинтай хил залгаа мужуудаас Амурын бүс нутаг хүртэлх ОХУ-ын орон нутгийн засаг захиргаанууд шатахуун түгээх станцуудын борлуулалтад хязгаар тогтоох, иргэдийг сандарч тэвдсэн худалдан авалт хийлгэхгүй байх арга хэмжээнүүдийг бараг өдөр бүр авч хэрэгжүүлэх болжээ. Нийлүүлэлтийн доголдлын цар хүрээ ОХУ даяар харилцан адилгүй ч цаашид Украины дроны цохилт үргэлжилбэл нөхцөл байдал бүр дордох эрсдэлтэй байна.

    Киев сүүлийн саруудад “дайныг Орос даяар мэдрүүлэх” зорилгоор тус улсын газрын тос боловсруулах салбарыг онилсон цохилтуудаа эрчимжүүлсэн юм. Үүний улмаас хэд хэдэн гол үйлдвэрийн үйл ажиллагаа зогсож, иргэдийн төлөх шатахууны үнэ өссөнөөс гадна ОХУ-ын Засгийн газар нисэх онгоцны түлшний экспортдоо хориг тавихад хүргээд байна. 

    Үүгээр зогсохгүй дизель түлшний экспортдоо бүрэн хориг тавих асуудлыг хэлэлцэж эхэлсэн талаар тус улсын Засгийн газар мягмар гарагт мэдээлсэн байна. ОХУ тэргүүлэх экспортлогчдын нэг учраас дизель түлшний экспортоо бүрэн зогсоовол дэлхийн зах зээлд нөлөөлж болзошгүй.

    Харин улам даамжирч буй автобензиний хомсдол нь одоохондоо дотоодын зах зээлд голчлон нөлөөлж байна. ОХУ дөрөвдүгээр сараас автобензиний экспортынхоо дийлэнхийг зогсоосон бөгөөд өмнө нь ч төдийлөн их хэмжээгээр экспортолдоггүй байв. Шатахууны үнийн өсөлт нийгмийг хамарсан эсэргүүцэл, бухимдал үүсгэж байсан удаатай тул ирэх есдүгээр сард Парламентын сонгуульд оролцох эрх баригчдын хувьд энэ нь онцгой анхаарах асуудал болж байна. 

    Crunj.jpg

    ОХУ-ын шатахуун түлшний нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал “хүнд ч гэсэн зохицуулж болохуйц түвшинд" байгааг ОХУ-ын эрчим хүчний салбарыг хариуцдаг Шадар сайд Александр Новак мягмар гарагт Ерөнхийлөгч Владимир Путины оролцсон Засгийн газрынхаа хуралдааны үеэр мэдэгджээ. Мөн дотоодын эрэлтийг хангахын тулд газрын тосны компаниуд, боловсруулах үйлдвэрүүдийн улирлын засвар үйлчилгээний хугацааг богиносгож, зарим ажлыг хойшлуулаад байгааг мэдээлсэн байна.

    Зургаадугаар сарын эхний хагаст ОХУ өдөрт ойролцоогоор 835 мянган баррель автобензин үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар, өмнөх сараас зургаан хувиар буурсан үзүүлэлт болохыг ойрын эх сурвалж "Bloomberg"-т мэдээлжээ.

    Иргэд шатахуун ихээр авч нөөцлөх, гар дээрээс худалдах эрсдэлээс сэргийлэх үүднээс тус улсын олон муж шатахууныг канистр зэрэг саванд авч хийхийг хориглоод байгаа. Тухайлбал Баруун өмнөд Сибирийн Омск мужид шатахууныг зөвхөн тээврийн хэрэгслийн банканд шууд хийхийг зөвшөөрч, нэг удаагийн худалдан авалтыг бензинд 40 литр, дизель түлшинд 80 литрээр хязгаарлажээ.

    Москвагаас баруун хойд зүгт орших Тверь мужийн эрх баригчид баасан гарагт "Surgutneftegas PJSC" болон "Tatneft PJSC"-ийн шатахуун түгээх станцуудын жижиглэнгийн борлуулалтад түр хязгаарлалт тогтоосноо мэдэгдсэн байна. Харин Ижил мөрний дагуух Саратов мужид зургаадугаар сарын 30-ныг хүртэл автобензиний бүх борлуулалтад хязгаарлалт үйлчилж, нэг тээврийн хэрэгсэлд 30 литрээс илүүгүй бензин олгохоор тогтоожээ.

    Үүнээс гадна ОХУ-ын Украинаас эзлэн авсан бүс нутгууд шатахуун, түлшний хамгийн хүнд хомсдолд ороод байна. Крымийн хойгт эрх баригчид шатахуун түгээх станцуудын худалдааг бүрэн зогсоож, нийлүүлэлтийг зөвхөн төрийн үйлчилгээний хэрэгцээнд хязгаарласан байна.

    Он гарсаар Украины дронууд ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд багадаа 47 удаа халджээ. Харин 2025 онд бүтэн жилийн турш 82 удаагийн цохилт өгсөн болохыг хоёр талын мэдээлэлд үндэслэн "Bloomberg" тооцоолсон байа. Тавдугаар сард цохилтын тоо дээд түвшинд хүрч, улмаар зургаадугаар сарын эхээр ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийн түүхий нефть боловсруулах хүчин чадал сүүлийн 20 жилийн доод түвшинд унахад хүргэсэн юм.

    Cэтгэгдэл бичих