
Зургийг: tosk.gov.mn
БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр "Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-иас хэрэгжүүлж буй “Солонго 1”, “Солонго 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын 27 блок орон сууц ирэх долоодугаар сард ашиглалтад орох товтой байна.
Түрээслэх хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалт есдүгээр сараас цахимаар явагдах бөгөөд зорилтот бүлгийн иргэдийг түлхүү хамруулахыг "Төрийн орон сууцны корпораци” онцоллоо. Тухайлбал: иргэдийг 100 онооны системээр эрэмбэлнэ. Үүнд өөрийн гэсэн орон сууцтай иргэнийг сонгон шалгаруулалтад оруулахгүй. Харин гэр хороололд амьдарч буй иргэдэд нэмэлт оноо өгч, давуу байдал олгохоор тусгажээ.
Мөн “Солонго-2” төслийн хүрээнд баригдаж буй 3000 орчим айлын орон сууц 2027 онд ашиглалтад орохыг "Төрийн орон сууцны корпораци” мэдээллээ. Одоогоор төслийн гүйцэтгэл 67 орчим хувьтай үргэлжилж байна.
Орон сууцны талбай нь 41-52 м.кв хэмжээтэй, зургаан төрлийн сонголттой байгаа аж. Түрээсийн орон сууцны нэг м.кв талбайн үнэ 6000 төгрөг байхаар тооцоолж байсан ч шинэ зохицуулалтаар 11,000-15,000 төгрөг болж нэмэгджээ. Үүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд үндэслэн гаргасан аж.
Түрээсийн үнэ хуучин стандартаас өссөн ч зах зээлийн үнэтэй харьцуулахад харьцангуй бага гэдгийг ажлын алба тодотгож байна.
Түрээслээд өмчлөх гэрээгээр орох иргэд таван жилийн дотор урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэх ёстой. Энэ хугацаанд санхүүгийн боломж бүрдээгүй тохиолдолд дараагийн өрхөд боломж шилжих зохицуулалттай гэдгийг “Төрийн орон сууцны корпораци” онцоллоо.