logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Төр оролцоогоо нэмэх замаар стратегийн хөрөнгө оруулагч орж ирэх үүд хаалгыг хаав уу?
    Нийтэлсэн огноо: 2024 оны 05 сарын 02 10:35
    658

    Brent Lewin/Bloomberg

    "Стратегийн ордын эзэмшлийг 34 хувиар хязгаарласнаар цаашид гадаадын томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх үүд хаалгыг хааж байна"

    Сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед эрх баригчид гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөтэй хуулиудыг яаравчлан баталлаа. Тэр дундаа Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон түүнийг дагалдан өөрчлөлт орсон хуулиудад эргэн харах асуудал их байгаа гэж эдийн засагчид, худалдааны танхимууд үзэж байна.

    Төр олгоно, Төр буцааж авна

    Баялгийн сангийн тухай хуулийг даган өөрчлөгдөж буй стратегийн ордын зохицуулалтууд нь стратегийн хөрөнгө оруулагчдыг үргээх вий гэсэн болгоомжлол их байна. Стратегийн ордуудын тал дээр хатуу бодлого баримтлах хэрэгтэйг Ерөнхий сайд хуулийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр өөрөө ч хэлж байв.

    Үүнтэй холбоотойгоор Баялгийн сангийн тухай хууль болон түүнийг дагалдуулан өөрчлөлт оруулсан хуулиудад анхаарал татах ямар заалтууд тусгагдаж байгааг эргэн харвал:

    • Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, үүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэлх хувийг Төр нөхөн төлбөргүйгээр эзэмших;
    • Аливаа этгээд дангаар болон болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамт эзэмших стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 20-оос дээш хувь эзэмшихийг хориглоно;

    Зарчмаасаа ухарлаа

    Дээрх бүгдээс харвал Төр стратегийн ордын 50 хүртэлх хувийг эзэмших, одоо хувийн хэвшлийн эзэмшилд байгаа ордуудыг ч буцааж авах боломж нээгдсэн гэж ойлгож болохоор байна. Олон нийтийн хэлэлцүүлэг хийлгүй, түргэн хугацаанд зөвшилцөн баталсан энэ хуулийг дагалдан гарсан Ашигт малтмалын тухай хууль болон ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтөд асуудал байна гэж Монгол дахь худалдааны танхимууд үзжээ. Тухайлбал хууль батлагдсан долоо хоногт “АмЧам Монгол”-оос уг хуульд хэсэгчилсэн хориг тавих саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм.

     

    "Стратегийн ордын 34 хувийг нэг хувьцаа эзэмшигч эзэмшиж болохгүй гэх заалт нь цаашид гадаадын томоохон хөрөнгө оруулагчид орж ирэх үүд хаалгыг хааж байна. 34 хувиар хязгаарлачихаар хөрөнгө оруулагчид төслөө цаашид яаж авч явах тал дээр асуудалтай тулгарна. Мэдээж жижиг хөрөнгө оруулагчид орж ирж болох ч зөвшилцөл, удирдлагын тал дээр ойлгомжгүй зүйлс их гарна.

    Эдгээр өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл гарсны дараа олон улсын аудитын байгууллагатай тохирчихсон байсан хөрөнгө оруулагчид гэрээ хэлцлээсээ буцсан, цуцалсан мэдээллүүд сонсогдоод эхэллээ"

    Стратегийн орд гэж өөрсдийн нэрлээд байгаа ордуудын 34 хувийг Төр нь авч, хувийн хэвшлүүдэд олгогдсон ордуудыг ч буцааж авах гэж байгаа нь Монголын Төр өөрийн баримталж байсан бодлогоо үгүйсгэсэн явдал. Өмнөх алдаа дутагдал, хууль бус зүйлсийг засаж залруулж болох боловч нийтлэг байдлаар ингэж хандаж байгаа нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад таатай зүйл биш. Монголын төр олгодог, буцаагаад авчихдаг…

    Бизнесийн салбар дахь Төрийн оролцоог аль болох бууруулах зарчмыг ЗГ баримталж байгаа гэх боловч дээрх өөрчлөлтүүдээр ийнхүү хувийн хэвшлийн эзэмшлийг хязгаарлах, булаан авах нөхцөл бүрдүүлж, өөрөөр хэлбэл зарчмаасаа бүрэн ухарч буй хэрэг болж байна.

    Эдийн засгийн томоохон салбаруудад өндөр оролцоотой байж, тэр чинээгээрээ дуулиантай асуудалд байнга орооцолддог Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, хөрөнгийн удирдлагын асуудлыг бид өмнө нь "Төрийн түмэн оролцоо" нийтлэлээр хөндөж байв. Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой компаниудын активын хэмжээ 59.2 их наяд төгрөг болж сүүлийн таван жилийн хугацаанд 29.6 тэрбум төгрөгөөс бараг хоёр дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл Төрийн өмчит компаниудын нийт актив Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан буюу 112 хувь орчимд байгааг “Ти Ди Секьюритис ҮЦК” ХХК тооцоолсон юм.

    Мөн Transparency International-ийн судалгаагаар Монгол Улс 2017 оноос хойш авлигын төсөөллийн индексээр тасралтгүй муудаж байгаа 10 улсын нэг болж, өнгөрсөн онд ч бүр таван байр ухарч, 121 дүгээрт бичигдээд буй. Оноог хойш татсан гол хүчин зүйл нь авлигын эх үүсвэр болсон төрийн алба болон төрийн өмчит компаниудын шударга бус томилгоо байсан билээ.

     

    Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com

    Cэтгэгдэл бичих