
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг уламжлал ёсоор сонгуулийн жилд тараасан нь Төрийн өмчит компаниудад чиглэсэн анхаарлыг дахин нэмэгдүүлээд байна. Эдийн засгийн томоохон салбаруудад өндөр оролцоотой байж, тэр чинээгээрээ дуулиантай асуудалд байнга орооцолддог Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, хөрөнгийн удирдлагын үзүүлэлтийг ойроос харцгаая.
“Данхар” актив
2023 оны эхний хагас жилийн байдлаар Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой компаниудын активын хэмжээ 59.2 их наяд төгрөг болж, 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 10 орчим хувиар өсжээ. Харин сүүлийн таван жилийн хугацаанд 29.6 тэрбум төгрөгөөс бараг хоёр дахин өссөн байна. Өөрөөр хэлбэл Төрийн өмчит компаниудын нийт актив Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс давсан буюу 112 хувь орчимд байгаа аж. Тэгвэл Төрийн өмчит компаниудын 59.2 их наяд төгрөгийн активын багадаа 50 хувь нь зах зээлд бараа бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт хэлбэрээр нийлүүлэгддэг гэж тооцвол Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувь нь шууд Төрөөс хамааралтай гэж үзэж болохыг “Ти Ди Секьюритис ҮЦК” ХХК онцолсон юм.
“Төрийн өмчит компаниуд маш их хөрөнгө, активыг удирдаж явдаг гэдэг утгаараа эдийн засагт үзүүлэх нөлөө нь ихэссэн. Ялангуяа уул уурхайн салбар дахь оролцоо маш их байна. Гэтэл энэ олон жилийн хугацаанд Төрийн өмчит компаниудын тоо л нэмэгдээд байхаас асуудлууд нь шийдэгдэж байгаа нь харьцангуй бага байна” хэмээн Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь өгүүлж байлаа.
10 компани тутмын 7 нь алдагдалтай
Сангийн яамнаас 2021 онд хийгдсэн судалгаагаар ТОП-100 аж ахуйн нэгжийн ашигт ажиллагаа 7.1 хувь, хөрөнгийн өгөөж 5.0 хувь байсан бол Төрийн өмчит 105 компанийн дээрх үзүүлэлт 5.9 болон 1.3 хувь байжээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК ба “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг хасаж тооцвол ТОП-100 болон Төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааны зөрүү 3.1 нэгж хувь, хөрөнгийн өгөөжийн зөрүү 4.1 нэгж хувь болохоор байна.
Борлуулалтын орлогоос нь борлуулсан бүтээгдэхүүний өртөг, мөн удирдлагын, санхүүгийн гэх мэт зардлуудыг хасаж тооцвол Төрийн өмчит компаниудыг ерөнхийдөө ашиггүй ажилладаг гэж дүгнэж болох аж. “Ти Ди Секьюритис ҮЦК” ХХК-ийн тооцоолсноор Монголын Төрийн өмчит компаниудын 73 хувь буюу 10 компани тутмын долоо нь алдагдалтай ажиллаж байна.
Хууч хамаарал
Төрийн өмчит компаниуд ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөжөөр хувийн хэвшлийн компаниудаас хол хоцорч буйн суурь шалтгаан нь удирдлагын асуудал болохыг “Нээлттэй нийгэм форум”-ын судалгаанд онцолжээ. Ялангуяа удирдлагын хүрээнд нь бүрэн эрхт төлөөлөгч томилох, онцгой дэглэм тогтоох зэрэг төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны болон шилжилтийн үеийн зохицуулалт, практикууд амь бөхтэй оршсоор байгаа гэж үзсэн байна.
Цаашлаад МХБ-д бүртгэлтэй, хувийн өмчийн оролцоо бүхий Төрийн өмчит компаниудад онцгой дэглэм тогтоож байгаа нь Үндсэн хуулийн суурь үзэл санаанд харшилсан үйлдэл болохыг сануулжээ.
“Transparency International” байгууллагаас гаргадаг "Авлигын төсөөллийн индекс"-т Монгол Улс 2023 онд өмнөх оноосоо таван байр ухарч, 121 дүгээрт бичигдээд буй. Оноог хойш татсан гол хүчин зүйл нь авлигын эх үүсвэр болсон Төрийн алба болон Төрийн өмчит компаниудын шударга бус томилгоо байсан юм. Тэр дундаа Төрийн өмчит компаниудын компанийн засаглал хангалтгүй, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бий болгоогүй зэрэг байнга яригддаг асуудлууд дээрдээгүй хэвээр үлджээ.
Редактор: ankhbayar.e@bloombergtvmongolia.com