Зургийг: Lionel Ng/Bloomberg
Дөрөвдүгээр сард Сингапурт орон сууцны борлуулалт сүүлийн долоон сарын хамгийн өндөр түвшинд хүрлээ. Хувийн шинэ орон сууцны худалдан авалт 887 нэгж болсныг Сингапурын Хот дахин төлөвлөлтийн газрын статистик харуулж байна.
Түүнчлэн дөрөвдүгээр сард орон сууцны худалдан авалт өмнөх сарынхаас 80 хувиар өссөн нь шинэ орон сууцны төслүүд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой аж.
Сингапурын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтворжуулахаар дөрөвдүгээр сарын эцсээр орон сууц худалдан авалтын татварыг нэмсэн юм. Энэхүү бодлого нь гаднынхан болон хоёр дахь орон сууц худалдан авагч нарт чиглэж байгаа ажээ. Харин 1.3 сая ам.доллароос 2.9 сая ам.долларын хоорондох худалдан авалтад дээрх журам тийм ч их нөлөөлөхгүйг албаныхан мэдээлэв.
Өнгөрсөн сард 638 айлын орон сууцны “Tembusu Grand” хотхон зэрэг барилгын хэд хэдэн шинэ төсөл нээлтээ хийсэн байна. Үүнээс гадна 275 айлын “Blossoms” хотхон нээлтээ хийсэн эхний өдрөө л нийт сууцныхаа 75 хувийг худалджээ. Тэдгээрийн наймыг нь буюу БНХАУ-ын дөрөв, АНУ-ын дөрвөн иргэн худалдан авсныг төсөл хөгжүүлэгч компани нь мэдээллээ.
Бусад оронд бодлогын хүү өсөж зах зээл нь царцаж байхад Сингапурын үл хөдлөх хөрөнгийн зах зээл гаднаас орж ирж буй мөнгөний урсгалын ачаар өсөлтөө хадгалсаар байна.
Дөрөвдүгээр сард орон сууц худалдан авалтын татварыг нэмснээр гаднын худалдан авагчдын тоо 60 хувь болсон нь томоохон зал зээлүүдийн дунд хамгийн өндөр өсөлт болжээ.