АНУ-ын иргэд ам.долларын ханш чангарсныг ашиглан далайн чанадад үнэтэй орон сууц худалдан авах нь нэмэгдсэнээс шалтгаалж Парис хотод тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ энэ онд дээд түвшинд хүрээд байна.
Гурван сая еврогоос дээш үнэтэй буюу дээд зэрэглэлд хамаарах үл хөдлөх хөрөнгийн дундаж үнэ 2020 онд таван сая евро байсан бол 2022 оны эхний хагаст есөн хувиар өсөж, 5.47 сая евро хүрснийг “Barnes” үл хөдлөх хөрөнгийн агентлаг мэдээллээ.
Эрэлт нэмэгдсээр буй энэ үед тус агентлагийн борлуулалтын хэмжээ 2021 оны дээд амжилтаасаа давна гэж тооцоолсон байна. Энэ оны эхний зургаан сард “Barnes”-ийн борлуулсан гурван сая еврогоос дээш үнэтэй орон сууцны тоо 2021 оны нийт дүнгээс хэдийн даваад байгаа аж.
Хэдий тийм боловч тансаг зэрэглэлийн орон сууцны үнийн өсөлт Парис хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ерөнхий төлөв байдалтай эсрэгцэж байгаа юм. Өргөн хүрээгээр авч үзвэл Парис дахь орон сууцны үнэ долоодугаар сараар эцэслэсэн гурван сарын хугацаанд өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурсан байна. Ялангуяа Парисын төв хэсэгт, Сена мөрний эрэг дээр орших Марэ дүүрэгт тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авсан гадаадын иргэдийн гуравны нэг нь америкчууд байсан аж. Түүнчлэн “Varenne” агентлагийн борлуулсан орон сууцны үнэ метр квадрат бүрдээ 50 мянган евро хүрсэн нь мөн л Парисын хэмжээнд дээд үзүүлэлт болжээ.
Ийнхүү Европт орон сууц худалдан авч буй америкчуудын тоо дээд цэгтээ хүрээд байгаа нь ам.долларын ханшны чангаралтаас гадна АНУ-д үл хөдлөх хөрөнгө хэт үнэтэй болсонтой холбоотой аж. Өнгөрсөн долоодугаар сард еврогийн ханш сүүлийн 20 жилд анх удаа ам.долларын ханштай тэнцэж байсан юм.