Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
Бодлогын хүүгийн өсөлт, орон сууцны үнийн уналт зэрэгцсэнээр Их Британид моргейжийн зээл олголт сүүлийн 10 гаруй жилд байгаагүй хамгийн удаан эрчээр өсөх төлөвтэй болсныг даваа гарагт нийтлэгдсэн тайланд дурджээ.
Моргейжийн зээлийн эрэлт энэ онд ердөө 0.4 хувиар өсөхөөр байгаа бөгөөд 2022 онд 4.1 хувийн өсөлттэй байсныг нягтлан бодох бүртгэлийн “EY” компани онцолсон байна. Бодлогын хүүгийн өндөр түвшин, инфляцаас үүдэлтэй иргэдийн бодит орлогын хумигдал, хэдий уналттай ч түүхэн дунджаасаа өндөр хэвээр байгаа орон сууцны үнэ гэсэн хүчин зүйлс хосолсон нь энэхүү сул үзүүлэлт гарахад нөлөөлөхөөр байгаа аж.
Хамгийн сүүлд санхүүгийн хямралын дараа буюу 2011 онд орон сууцны зээл олголт энэ түвшинд хүрч саарч байжээ. Харин 2024 он гэхэд моргейжийн зээл олголт дахин эрчимжиж, 1.4 хувьд хүрнэ гэж “EY”-ийн зүгээс үзэж байна. Хэдий тийм боловч оны эцэст инфляц сулрах, Английн Төв банк бодлогын хүүгээ бууруулах эсэхээс энэ нь ихээхэн шалтгаалах аж.
“Сүүлийн жилүүдэд эдийн засагт үүссэн цуврал “шок”, мөн өдгөө бий болоод буй амьдралын өртгийн хүндрэлүүд нь айл өрхүүдэд ч, бизнесүүдэд ч томоохон нөлөө үзүүлж байна. Ялангуяа нийгмийн эмзэг бүлгийнхэн, уналтаас зөөлөн газардах санхүүгийн бололцоо муутай жижиг бизнесүүд хамгийн ихээр өртсөн” хэмээн “EY”-ийн шинжээч Анна Энтони өгүүлсэн байна.
Банкнуудаас бизнес эрхлэгчдэд олгох зээл мөн сул үзүүлэлттэй байгаа аж. Өрийн үйлчилгээний өндөр зардал, орлогын бууралт, нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос болж бизнес эрхлэгчдэд олгох зээл энэ онд 3.8 хувиар буурна гэж “EY” тооцоолжээ. Харин 2024 онд энэ үзүүлэлт дахин сэргэх хэдий ч өсөлтийн түвшин нэг хувьд хүрэхгүй байх төлөвтэй аж.
Их Британийн эдийн засаг хэдийн уналтад орсныг Английн Төв банкнаас мэдэгдсэний дараа дээрх тооцооллууд гарсан нь онцлог болж байна. Сул өсөлт, өндөр инфляцын хос сорилт гарч ирснээр одоогийн уналтын үе дууссаны дараа ч гэсэн тус улсын эдийн засаг тэлэхэд хүндрэл учрах болохыг илтгэж байгаа юм. Ийм нөхцөл байдалд банкнууд бодлогын хүү бага түвшинд очиход, тэр байтугай хасах утга руу ороход бэлтгэлтэй байх хэрэгтэйг шинжээчид онцолж байна.