logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Унаагаа шинэчлэх үү, хөрөнгө оруулах уу? 10,000 ам.доллароо өсгөх хувилбарууд
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 02 15:10
    11386
    Хэрэв та 10,000 ам.доллартой бол түүнийгээ өсгөх, өгөөж хүртэх, хөрөнгө оруулах ямар боломжууд байна вэ?

    1000 ам.доллароор хөрөнгө оруулалт хийж, өгөөж хүртэх боломжит хувилбаруудын талаар өмнөх нийтлэлээрээ бид хөндсөн. Түүнээс хойш буюу сүүлийн хоёр сар орчмын хугацаанд төгрөг ам.долларын эсрэг 1.4 хувиар суларч, инфляц 14.5 хувь буюу өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Тэгвэл 10 дахин их мөнгөөр хөрөнгө оруулах ямар боломжууд байна вэ? 

    2022 онд ханш нь 65 хувиар унасан ч “Tesla”-ийн хувьцааг жижиглэнгийн хөрөнгө  оруулагчид идэвхтэй худалдан авсаар байгааг “Vanda Research”-ийн дата харуулж буй. Мөн “Rivian”, “Meta”, “Amazon” зэрэг томоохон компаниудын хувьцааны ханш өнгөрсөн онд 50-80 хувиар буурсан нь худалдан авах боломж байж магадгүй байгаа юм. 

    Нөгөө талаас богино хугацааны өндөр өгөөжтэй бондын зах зээл идэвхжих жилүүд хүлээгдэж байгааг дотоодын ҮЦК-иудын шинжээчид онцолж байна. 

    “Голомт Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ

    Багцын 70 хувь буюу 7000 ам.долларт Монгол Улсын Засгийн газрын “Хуралдай" бонд авахыг санал болгож байна.

    Учир нь 2023 оны эхний хагас хүртэл Төв банкнуудын мөнгөний хатуу бодлого үргэлжлэх төлөвтэй байгаа. Үүнийг дагаад улс орнуудын эдийн засаг төдийлөн сэргэлт авч чадахгүй байх магадлал өндөр. Харин Монгол Улсын Засгийн газрын 2024 оны гуравдугаар сарын есний өдөр хугацаа нь дуусах “Хуралдай бонд”-ын жилийн өгөөж ам.доллароор 10.91 хувьтай байна. Иймд хөрөнгө оруулалтын багцынхаа дийлэнх хувийг ханшийн эрсдэлээс сэргийлсэн, тогтмол өгөөжөө өгдөг, эрсдэл маш бага бүтээгдэхүүнд оруулах нь оновчтой.

    Багцын 20 хувь буюу 2000 ам.долларт газрын тос “Proshares Ultra Bloomberg Crude Oil” /UCO.NYSE/

    Учир нь OPEC өнгөрсөн оны аравдугаар сараас хойш газрын тосны өдрийн дундаж гарцаа дэлхийн нийт газрын тосны хэрэглээний хоёр хувьтай тэнцэхүйц хэмжээгээр буюу хоёр сая баррелиар бууруулаад буй. Энэхүү бодлогоо 2023 он дуустал хэрэгжүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Эсрэгээрээ газрын тосны хамгийн том хэрэглэгч орон болох БНХАУ эдийн засгаа нээж эхэлж байна. Ханшийг харвал 52 долоо хоногийн ёроолдоо хүрээд байна. Тиймээс газрын тосны ханш дагасан “ETF” худалдан авахыг зөвлөж байна.

    Багцын 10 хувь буюу 1000 ам.долларт цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng Inc” /XPEV.NYSE/-ийн хувьцааг санал болгож байна.

    Цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниуд түүхэн үнэлгээтэйгээ харьцуулахад одоогоор хямд үнэлэгдэж байгаа гэж бид үзэж байна. Ийм үед урт хугацаанд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх нь оновчтой. Тухайн хувьцааг худалдан авахдаа 2022 оны IV улирлын тайлан зарлагдсаны дараа буюу дөрөвдүгээр сарын эхээр хувьцааны ханш 5.5-6.5 ам.долларын хооронд худалдан авбал тохиромжтой гэж харж байна. 

    “Бидисек ҮЦК” ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Даянбилгүүн

    1. Торонтогийн Хөрөнгийн бирж /TSX/, Монголын Хөрөнгийн бирж  /MSE/ хоёрт давхар бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн” ХК-ийн хувьцааг худалдан авна. Нэгж хувьцааны зах зээлийн дундаж ханш нь 700 төгрөг байна. Яагаад гэвэл  тус компанийн ордын нөөц сайн тогтоогдсон, компанийн засаглал, “transparency” буюу ил тод байдал сайнаас гадна сайн хөрөнгө оруулагч нартай. Ирэх онд уурхайн үйлдвэрлэлийн ажил нь эхлэхээр байгаа нь мөн нөлөөлсөн. 
    2. “Төрийн банк” ХК, “Богд банк” ХК зэрэг банкны хувьцааг ажиглаж байгаад мөнгөнийхөө 1/3-д авах бас боломжтой. Учир нь арилжааны банкнуудын энэ жилийн ашиг өндөр гарахаар байна. Мөн ногдол ашиг сайн тараахаас гадна одоогийн зах зээлийн үнэлгээ сонирхол татахуйц гэж харж байна.

    Үүнээс гадна 10 мянган ам.доллар л учир хүлээгдэж байгаа ХААН банкны IPO-д гол мөнгөө нөөцлөх болно.

    “Tи Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч бөгөөд дэд Захирал Г.Энхбат

    Хамгийн эхний алхам бол зорилгоо тодорхойлох явдал юм. Түүний дараа хөрөнгө оруулалтын аргыг сонгох боломжтой. Энэ нь таны нөхцөл байдлаас шалтгаалан 10 мянган ам.долларыг хадгаламжийн дансанд байршуулах, хувьцаанд хөрөнгө оруулах эсвэл өндөр хүүтэй бондод хөрөнгө оруулах зэрэг багтаж болно. Эдгээр шийдвэрийг гаргахад мөн таны нас их чухал юм. Ажил амьдралын гараанд дөнгөж хөл тавьж байгаа бол илүү эрсдэлтэй хөрөнгө оруулалт болон хувьцаа байж болох болох ба хэрвээ тэтгэврийн нас ойртож байгаа бол магадгүй бондод хөрөнгө оруулах шаардлагатай. Гэхдээ дээрх 10 мянган ам.доллар бол таны хуримтлалаас гадуурх зарцуулалт байх нь илүү зохимжтой. Хэрвээ уг хэмжээ нь танд байгаа бүх хуримтлал бол хамгийн багадаа 20 хувийг бэлэн мөнгөөр хадгалах нь зүйтэй юм.

    Гол нь энэхүү хөрөнгө оруулалтаа хэзээ ашиглах вэ гэдэг нь чухал. Жишээлбэл: гурван жилийн дараа хоёр өрөө байр худалдаж авахаар төлөвлөсөн бол 10 мянган ам.доллароо өндөр өгөөжтэй, санхүүгийн үзүүлэлт нь сайн, ирээдүйд өсөх боломжтой компанийн бондод хөрөнгө оруулах нь илүү найдвартай. Ер нь хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх нь хамгийн үр дүнтэй арга гэж ойлгож болно. Бонд бол тогтсон өгөөж, тодорхой хугацаатай тул илүү найдвартай бүтээгдэхүүн мөн. Харин хувьцаа нь танд урт хугацааны баялаг бүтээх гайхалтай хэрэгсэл болдог. Гэхдээ байнгын хэлбэлзэлтэй байдаг тул хэд хэдэн хувьцаа эзэмшиж, багцаа төрөлжүүлэх нь ухаалаг хэрэг юм. Дараагийн санал болгох хөрөнгө оруулалтын хэрэгсэл бол биржээр арилжаалагддаг сан (ETF) буюу бага дүнгээр олон төрлийн хувьцаанд хөрөнгө оруулж, эрсдэлээ тараан байршуулах хамгийн сайн бүтээгдэхүүн гэж ойлгож болно.

    Эцэст нь хэлэхэд 10 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийх маш олон янзын арга бий. Хамгийн сонирхолтой нь зөвхөн нэгийг нь сонгох шаардлагагүй. Хувь хүн өөрийнхөө зорилгоос хамааран дээрх хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг хувааж, тараан байршуулалт хийх нь эрсдэлийг бага түвшинд барих хамгийн найдвартай арга.

    “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн дэд Захирал Д.Баатаржав

    Монголын нөхцөл байдалд тохируулан 10 мянган ам.долларыг дараах байдлаар хөрөнгө оруулах нь тохиромжтой гэж үзэж байна.

    9999.JPG

    Багцын хувьд тогтмол орлоготой үнэт цаас 77.5 хувь, таваарын зах зээл 15 хувь, болон хувьцаа 7.5 хувийг бүрдүүлж байна. Томоохон санхүүгийн фирмүүдийн гаргасан таамаглал болон суурь эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хувьцааны байршуулалтыг бууруулж тогтмол орлоготой үнэт цаас, тухайлбал: Монгол Улсын Засгийн газрын бондуудын байршуулалтыг нэмэгдүүлсэн. Учир нь Монгол Улсын Засгийн газрын бондуудын “Yield” буюу өгөөж нь ам.доллароор +10 хувь байгаа тул 2026 онд дуусах “Nomad” /9.95 хувь/ болон 2024 онд хугацаа дуусах “Khuraldai” /11.6 хувь/ бондуудад хөрөнгө оруулалт байршуулах нь тохиромжтой гэж үзэж байна. Таваарын зах зээл болон хувьцааны тухайд дан ганц хувьцаа бус тухайн салбарыг багцалсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл буюу алт болон зах зээлийн үнэлгээ ихтэй томоохон хувьцаа, таваарын индекс санд хөрөнгө оруулах нь тохиромжтой гэж харж байна.

    3-7.JPG

    “Инвескор Капитал ҮЦК” ХХК ТУЗ-ийн дарга Г.Уянгахишиг

    10 мянган ам.доллар байсан бол “Голомт банк”-ны хувьцаа авах байсан. Учир нь ам.долларын ханшийн эрсдэл болон инфляцыг давж гарахын тулд ашигт ажиллагаа болон үйл ажиллагаа нь найдвартай компанийн хувьцааг ухаалаг хөрөнгө оруулалт гэж харж байна.

    “Таван Богд Капитал ҮЦК”-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ

    2023 оны турш БНХАУ-ын хувьцаанд илүү төвлөрнө. Харин АНУ-ын хувьцаанд жилийн хоёрдугаар хагасаас төвлөрөх нь зүйтэй гэж үзэж байна. 10 мянган ам.доллароо хоёр хуваана. Нэг багц нь тогтвортой “dividend багц” ( ногдол ашиг ) байна.  Жилийн +8 хувиас дээш ногдол ашиг жил бүр тараадаг салбар бүрийн гигантууд БНХАУ-д байдаг. Энэ нь Монгол Улсын банкны ам.долларын хадгаламжийн хүүнээс гурав дахин өндөр байгаа юм. Нөгөө багц нь савлагаа ихтэй “growth” ( өсөлтийн ) багц байна. Тус багцыг БНХАУ ба АНУ-ын хувьцаануудаар бүрдүүлнэ. Ерөнхийдөө цахилгаан автомашины гинжин сүлжээнд илүүтэйгээр хөрөнгө оруулах юм.

    Cэтгэгдэл бичих