МХБ: ТОП-20 индекс он гарсаар 25 хувиар буураад байна
2022 оны эхний зургаан сарын арилжаагаар Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй дотоодын хүнсний салбарын үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш огцом буурсан хөдөлгөөнтэй байлаа.
Тухайлбал: зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч АПУ ХК-ийн нэгж хувьцааны ханш өнгөрсөн оны сүүлийн арилжааны ханшаас 3.6 дахин буурч, 1300 гаруй төгрөгөөр арилжаалагдаж байна. Зах зээлийн үнэлгээ нь он гарсаар 500 гаруй тэрбум төгрөгөөр буурч, 1.3 их наяд төгрөг болоод байгаа юм. Тус компанийн хувьд энэ онд гадаад зах зээлээ тэлэхэд анхаарч байгааг мэдээлж байв.
“Түмэн шувуут” ХК-ийн нэгж хувьцааны ханш оны эхний зургаан сард 39 гаруй хувиар буурсан байна. 52 долоо хоногийн хугацаанд ханш нь 213.55 төгрөгөөс дээд хязгаартай 815.59 төгрөгт арилжаалагджээ. Зах зээлийн үнэлгээ нь 81.9 тэрбум төгрөг болсон байна. Тус компани “Түмэн шувуут 2” төслийг дуусгаж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэхэд анхаарч байгаа аж.
“Сүү” ХК-ийн зах зээлийн үнэлгээ оны эхний зургаан сард 11.5 хувиар буурч, 179.3 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Огцом ханшийн хэлбэлзэлгүй харьцангуй тогтвортой байлаа.
Харин “Талх чихэр” ХК-ийн нэгж хувьцааны ханш 12.1 хувиар өссөн бол “Мах импэкс” ХК-ийн хувьд 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хэдий тийм боловч хувьцааны эргэлт, тоо ширхгээр харьцангуй сул байжээ.
15 хувь давж өссөн инфляцын дарамт болон хөрөнгө оруулагчдын зарцуулалт, бонд худалдан авалт эрчимжсэн зэрэг нь ханшийн уналт идэвхэд нөлөөлж байгааг Монголын Хөрөнгийн бирж мэдээлж байсан юм.
Б.Энхжин
Холбоо барих: enkhjin.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com