Гашуунсухайтын нүүрсний экспортын өдрийн дундаж 2020/XI сараас хойших дээд цэгт хүрэв
Зургаадугаар сард Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 422 автомашин гарсан байна. Энэ нь өдрийн дунджаар 2020 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр дүн болж байгааг “SXCoal” мэдээллээ.
Он гарсаар Гашуунсухайт боомтоор нүүрсний тээвэрлэлт бага багаар нэмэгдэж, өдөрт хилээр гарах нүүрс тээврийн автомашины тоо 500 даваад байна. Харин 2021 оны мөн үед боомтоор өдөрт 200-аас доош тооны автомашин гарч байсан юм.
Зургаадугаар сарын 27-нд Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийн 523 автомашин гарсан бол 29-ний өдөр 530 автомашин гарчээ. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан боомтын үйл ажиллагааг хязгаарлахгүй бол оны үлдсэн хугацаанд өдөрт 500-600 автомашин хилээр гарахаар байна.
Түүнчлэн долоодугаар сард Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орох хүлээлттэй байгаа юм. Мөн долоодугаар сарын тавны дотор жолоочгүй тээвэр буюу автомат удирдлагатай тээврийн туршилтыг эхлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгоод байна. Ингэснээр тус боомтод нүүрсний экспорт урьдчилсан байдлаар 10 сая тонноор нэмэгдэх тооцоололтой байгаа аж. Цаашлаад автомат удирдлагатай тээврийг Шивээхүрэн-Сэхэ болон Ханги-Мандал боомтуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com