Volkswagen: 12 брэндээ хадгалж үлдэнэ
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн Гүйцэтгэх захирал Маттиас Мюллер 12 брэндээ хадгалж үлдэнэ гэдгээ амлалаа. Түүнчлэн гурван сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа дизель хөдөлгүүрийн хэргийн хохирлыг барагдуулахын тулд хөрөнгөө зарахгүй байх боломжтой гэдгийг тэрбээр онцолсон байна. “Volkswagen” компани дээрх хэрэгт холбогдох зардлыг 20 тэрбум евротой тэнцэнэ гэж урьдчилан тооцоолж байгаа аж. Гэхдээ 12 дугаар сараас ирэх оны хоёрдугаар сарын борлуулалтын дүн гарах хүртэл хөрөнгө худалдаалах шийдвэр гаргах нь эрт байна гэж тус компанийн удирдлагууд үзжээ. АНУ-д баримталдаг нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын шаардлага хэт өндөр байдаг. Тиймээс 10 гаруй жилийн өмнөөс “Volkswagen” компанид хорт хийн хэмжээг бууруулах нөхцөл үүссэн гэдгийг компанийн удирдлагууд хүлээн зөвшөөрөөд байгаа аж. Мөн энэхүү хэрэг нь ганц удаагийн алдаа биш давтагдсан олон үйлдлийн дүн гэдгийг “Volkswagen”-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Ханс Дитер Пётч дурдаад хэрэгт холбогдох хүмүүсийг хайж хариуцлага хүлээлгэнэ гэдгээ амласан байна. Ханс Дитер Пётч “Бид өмнө нь хэлж байсан. Одоо ч гэсэн дахин хэлэхэд бид хэргийн гол эздийг олж хариуцлага тооцохоор хайж байгаа. Ямар ч байсан хэрэгт холбогдох хүмүүсийг олж хариуцлага хүлээлгэх болно. Бидний өмнө тулгараад байгаа том сорилт бол хэрэглэгчдийн итгэлийг эргүүлэн олж авах. Тиймээс бид тууштай, найдвартай байж, өнгөрсөнд гаргасан алдаагаа дахин давтахгүй байхыг хичээх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com