“Volkswagen” нүүрстөрөгчийн хий ялгаруулалтын шаардлага хангаагүй автомашинуудаа засварлана
“Volkswagen” компани нүүрстөрөгчийн хий ялгаруулалтын шаардлага хангаагүй автомашинуудаа аравдугаар сараас эхлэн засварлах төлөвлөгөөтэй байна. Шалгалтын үр дүнд нөлөөлөх систем суурилуулсан автомашинуудын худалдааг одоогоор түр зогсоогоод байгаа юм. Мөн хууль зөрчсөн хэрэгтэй холбоотойгоор Швейцарийн прокурорын газраас авлигал, гэмт хэргийн мөрдлөг эхлүүлж болзошгүй байна. “Volkswagen”-ийн мэдээлснээр 11 сая шахам автомашинд хуулиар хориглосон систем суулгажээ. Тодруулбал 2.1 сая “Audi”-ийн загвар, 1.8 сая орчим фургон, 1.2 сая “Skoda” брэндийн автомашин, таван сая орчим “Volkswagen” брэндийн загварт системийг суулгажээ. “Volkswagen”-ийн Удирдах зөвлөлийн дарга эдгээр автомашиныг засварлаж чадна гэдгээ батлан хэлсэн юм. “Volkswagen”-ийн Удирдах зөвлөлийн дарга Херберт Диесс “Бид үйлчлүүлэгчиддээ голлон анхаарч, тэдний итгэлийг эргүүлэн олж авахаар ажиллана. Үйлчлүүлэгч, иргэдээс хүлцэл өчье. Бид том алдаа гаргасан. Алдаагаа засч, дахин давтахгүйн төлөө чадах бүхнээ хийх болно” хэмээн мэдэгдсэн байна.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com