“Volkswagen” компани дизель хөдөлгүүрт 8.5 сая автомашинаа дахин засварлана
Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компани Европын зах зээлээс 8.5 сая дизель хөдөлгүүрт автомашинаа эргүүлэн татаж, засвар үйлчилгээ хийхээ мэдэгдлээ. Үүнээс өмнө Германы авто тээврийн газраас хууль бус програм ашигласан 2.4 сая автомашинаа засварлахыг тус компанид даалгаад байсан юм. “Volkswagen” компани техникийн дэлгэрэнгүй мэдээллийг 11 дүгээр сарын 15 гэхэд холбогдох албаныханд тайлагнана. Дараа нь засварын ажлаа ирэх нэгдүгээр сараас эхлэх хүлээлттэй байгаа юм. Энэ удаад бүх жолоочид засварт хамрагдах хатуу нөхцөл тавьж байгаагаараа өмнөхөөсөө ялгаатай ажээ. Урьдчилсан байдлаар Европт нийт 3.6 сая автомашины хөдөлгүүрийг солих тооцоо гарсан байна. Гэхдээ зарим сэлбэг хэрэгсэл ирэх оны есдүгээр сард бэлэн болох юм байна. Одоогоор АНУ-ын зах зээлд засвар үйлчилгээ хийх эсэх талаар шийдвэр гараагүй байгаа ажээ. “Volkswagen” нь 11 сая гаруй автомашинд хууль бус төхөөрөмж суурилуулж, дизель хөдөлгүүрт автомашины хорт хий ялгаруулах хэмжээг санаатайгаар дарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Хэргийг шийдвэрлэхэд тус компани 35 тэрбум еврог зарцуулна гэсэн урьдчилсан тооцоог шинжээчид гаргаад байна. Үүнээс гадна Европт автомашины борлуулалт есдүгээр сард 9.8 хувиар өссөн байна. Үүнд герман автомашинуудын эрэлт өндөр байсан нь голчлон нөлөөлжээ. Шинжээчдийн хувьд “Volkswagen”-ийн холбогдсон хууль бус хэргийн үр дагавар 10 дугаар сараас мэдрэгдэж эхэлнэ гэж таамаглаж байгаа юм.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com