“Volkswagen” компани бүтцийн томоохон өөрчлөлт хийх шахалтад ороод байна
Хүлэмжийн хий ялгаруулалтын шалгалтыг хууль бус аргаар давснаа хүлээн зөвшөөрсөн “Volkswagen” компани бүтцийн томоохон өөрчлөлт хийх шахалтад ороод байна. Мотоцикл, суудлын машинаас эхлээд хүнд даацын ачааны автомашин багтсан 12 брэндийн эзэн “Volkswagen” олон тэрбум ам.долларын торгууль төлөх ёстой болоод байгаа юм. Урьд өмнө нь борлуулалт доогуур, санхүүгийн бэрхшээлтэй брэндүүдийн алдагдлыг “Audi”, “Porsche”-ийн орлогоор нөхөж, дэмжлэг үзүүлдэг байсан аж. Хэдий тийм боловч торгуулийн улмаас нэмэлт хөрөнгө оруулалт хийх боломжгүй болжээ. Германы автомашины менежментийн төвийн шинжээчид “Volkswagen”-ийг 30 тэрбум еврогийн торгууль төлнө гэж таамаглаж байгаа юм. Мөн “Bugatti”, “Lamborghini”, “Ducati” брэндийн үйлдвэрлэлийг хумьж болзошгүй гэж үзжээ. “Volkswagen”-ийн Гүйцэтгэх захирал энэ сард хийсэн мэдэгдэлдээ "Компанид томоохон шинэчлэл хийх шаардлагагүй. Зардлыг танах зорилгоор зарим төслийн хугацааг хойшлуулж байгаа" гэдгийг онцолсон байна.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com