“Volkswagen”-ийн Гүйцэтгэх захирал асан Мартин Винтеркорныг шалгаж эхэллээ
Германы прокурорын газраас “Volkswagen” компанийн Гүйцэтгэх захирал асан Мартин Винтеркорнын эсрэг хэрэг үүсгэж, шалгаж эхэллээ. “Volkswagen”-аас шаардлага хангаагүй автомашиниудыг худалдах залилангийн хэлбэрийн арга хэрэглэсэн эсэхийг тогтоож, хэрэв тийм бол холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хүсэлт гаргаснаар ийнхүү хэрэг үүсгэсэн байна. Үүнээс өмнө автомашин үйлдвэрлэгчийн удирдах зөвлөл "Мартин Винтеркорн хууль зөрчсөн үйлдлийн талаар мэдээгүй" гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Түүнчлэн Мартин Винтеркорн албан тушаалаасаа огцрохдоо "Шалгалтад хууль бус аргачлал хэрэглэсэн тухай огтхон ч мэдээгүй" гэж байсан юм. Харин “Volkswagen” компаниас шалгалтын үр дүнд нөлөөлөх тусгай төхөөрөмжийг 11 сая орчим автомашинд суурилуулсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд байна. Ялангуяа “Volkswagen”-ийн тансаг зэрэглэлийн брэнд “Audi”-ийн дизель хөдөлгүүртэй 2.1 сая автомашинд энэхүү төхөөрөмжийг суурилуулсан ажээ. Германы Тээврийн яамнаас “Volkswagen” компанид доголдол, техникийн бэрхшээлийг арилгах төлөвлөгөөгөө аравдугаар сарын 7-ноос өмнө танилцуулах шаардлага тавьсан юм.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com