“Twitter” аппликейшнээрээ дамжуулан шуурхай мэдээ хүргэнэ
Нийгмийн сүлжээний “Twitter” компани гар утсанд зориулсан аппликейшнээрээ дамжуулан шуурхай мэдээ хүргэх үйлчилгээг туршиж эхэлжээ. “iOS” болон “Android” үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд зориулсан “Twitter” аппликейшнд “News” гэсэн цэс шинээр нэмэгдэх юм байна. Туршилтын аппликейшний дэлгэцийг дарсан зургуудыг харвал “iOS”-т зориулсан аппликейшн дээр “News” цэс нь дэлгэцийн доод хэсэгт байрлах хөндлөн цэсийн голд нь байрлажээ.
“Twitter” аппликейшний “News” цэс рүү ороход “The New York Times” гэх мэт дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын шинэхэн мэдээллүүд гарч ирэх юм байна. “News” цэсний үндсэн санаа нь өмнө нь тус үйлчилгээнд байдаг байсан “Discover” цэснээс тийм ч их ялгаатай биш байлаа.
Одоогоор туршилтын шатандаа яваа энэ үйлчилгээ хэзээнээс эхэлж хэрэглэгчдэд хүрэх нь тодорхойгүй байна. Туршилт “Twitter”-ийг “iOS”, “Android” төхөөрөмжөөр Японд хэрэглэдэг хүмүүсийн дунд нээлттэй байгаа юм. Харин энэ цэст орох контентийн хувьд компани хэд хэдэн томоохон түнштэй байнга хамтран ажиллахаар ярилцаж байгаа юм байна.
Г.Ану
Холбоо барих: Anu.G@bloombergtvmongolia.com