"TikTok"-ийн одууд томоохон компаниудын Гүйцэтгэх захирлуудаас өндөр орлого олж байна
Орчин үед “TikTok” одууд, “Influencer”-үүдийн зах зээл сонирхол татаж байна. Тухайлбал: “TikTok” контент бүтээгч Кайли Женнер жилд 590 сая ам.долларын орлоготой ажиллаж байгаа аж.
Үүнтэй харьцуулахад дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй, үнэлгээ нь гурван их наяд ам.доллар давж буй “Apple” компанийн Гүйцэтгэх захирал Тим Кукийн жилийн орлого нь 99 сая ам.доллар байгаа аж. Энэ бол Кайли Женнерийн орлогоос зургаа дахин бага дүн болж байна.
Энэхүү орлогыг юу бүтээж байна вэ, юу тэр богино контентыг үнэ цэнтэй болгож байгаа вэ гэдэг асуудал гарч ирнэ. Сая сая дагагчтай “Influencer”-үүдийн хувьд тэд өөрсдийг нь дагадаг хүмүүсийн хувьд хэрэглээний чиг хандлагыг бий болгож байгаа гэж энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Obviously” компанийн Гүйцэтгэх захирал тайлбарлаж байна.
“Influencer”-үүд ямар цуврал үзэж байна, ямар хувцас өмсөж байна, хаагуур аялж байна тэр бүгдийг дуурайх хүсэл дагагчдын дунд төрнө гэсэн үг. Энэхүү шинэ зах зээл бусад олон нийтийн платформуудад, бизнесүүдэд ч гэсэн нөлөөлж байгаа аж. “Youtube”, “Facebook”-ээс эхлээд сүүлийн хэдэн жилд маш олон платформ богино хэмжээний видео контент дамжуулах функцүүдийг нэмж эхэлсэн байна.
Үүнээс гадна сүүлийн үед “Metaverse” хэмээх ойлголт газар авч байна. Одоогоор “Metaverse”-ээс “Influencer” төрөн гарахад технологийн хувьд харьцангуй эрт байгаа аж.
Хэдий тийм боловч “Influencer”-үүд аль хэдийн өөрийн дүр төрхийг илтгэсэн “NFT” гаргадаг ч юм уу, эсвэл AR буюу “Augmented Reality” технологи ашиглан филтер ашиглах зэргээр “Metaverse”-ийн зүг хөдөлж байна гэж харж болохоор байна.
Тэдний ард бизнесийн болон хаана ч явсан дагаж явдаг нүүр будалтын баг, хуваарь төлөвлөгч зэрэг цогц баг ажилладаг аж. Тиймээс тэдний хөдөлмөрийг бүтэн цагийн ажлаас илүү ачаалалтай ч гэж хэлж болохоор байна. Хэрэв үнэхээр олон улсын түвшинд сая сая дагагчтай бол мөнгийг ч гэсэн сая саяар нь олох боломж байгаа ажээ.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com