"Tenet" кино “Box Office”-ийн жагсаалтыг тав дахь долоо хоногтоо тэргүүллээ
Кристофер Ноланы бүтээл "Tenet" кино Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тав дахь долоо хоногтоо дараалан тэргүүллээ.
“Rotten Tomatoes”-ийн кино шүүмжлэгчдээс 6.9 буюу нэлээд өндөр үнэлгээ авсан энэхүү кино өнгөрсөн долоо хоногт 2.7 сая ам.долларын орлого олсон байна. Улмаар нийт орлого нь 300 сая ам.доллар давжээ. "Tenet" кино энэ оны хамгийн өндөр орлого олсон гурав дахь киногоор нэрлэгдэж байгаа юм.
Харин "Mulan" кино 20 гаруй улсад нээлтээ хийж, нийт орлого нь 66.8 сая ам.доллар хүрээд байна. Үүний 40 сая ам.долларыг БНХАУ-ын кино театруудаас олжээ. Энэ нь шинжээчдийн хүлээлтээс хамаагүй доогуур дүн болж байгаа юм. 200 сая ам долларын зардлаар бүтсэн энэхүү кино энэ онд нээлтээ хийсэн “Disney”-ийн бүтээлүүдээс хамгийн тааруу хандалттай кино болж байна.
Үүнээс гадна Холливуудад нэлээд хүлээлт үүсгээд байгаа “James Bond” кино цувралын 25 дахь бүтээл ''No Time To Die'' кино ирэх сарын 20-нд нээлтээ хийх байсан ч 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшилжээ. 250 сая ам.доллароор бүтсэн энэхүү киноны нээлтийн тов цар тахлын улмаас хоёр дахь удаагаа ийнхүү хойшилж байна.
М.Эрхэс
Холбоо барих: erkhes.m@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com