“Sumitomo Mitsui Trust” банк хилийн чанад дахь ашгаа нэмэгдүүлэхийг зорьж байна
Японд зээлийн үйлчилгээгээрээ дөрөвдүгээрт ордог “Sumitomo Mitsui Trust” банк хилийн чанад дахь ашгаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Есдүгээр сарын 30-ны байдлаар хилийн чанад дахь үйл ажиллагааны орлого тус банкны нийт орлогынх нь 10 хувьтай тэнцэж байжээ. Тус банкны удирдлагуудын хуралдаанаар 2015 оны гуравдугаар сар гэхэд энэхүү үзүүлэлтийг 15 хувьд хүргэх зорилт тавьсан байна. Сүүлийн үед Японы банкууд бизнесээ өргөтгөж, үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхийг эрмэлзэх болоод байгаа юм. Учир нь Японд бодлогын хүү тэг рүү ойртож, хүн амын насжилт өндөр болж байгаа зэргээс үүдэн зээлээс ашиг олох боломж хязгаарлагдмал болжээ. “Sumitomo Mitsui Trust” банкны хувьд гадаадын зээлдэгчдийн хөрөнгөд түшиглэхээс гадна хилийн чанад дахь үл хөдлөх хөрөнгийн зээл олгох зэргээр энэхүү салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байгаа аж. Одоогийн байдлаар тус банк Азийн банкуудтай хамтран Хонгконг дахь хөлөг онгоцны санхүүжилтийн төсөл дээр ажиллаж байгаа талаар “Sumitomo Mitsui Trust” банкны тэргүүн Хитоши Цуникейж мэдэгдлээ. Мөн тэрбээр тус банк зөвхөн Ази төдийгүй Европ, Хойд Америкийн зах зээлд анхаарлаа хандуулж байгааг онцолсон байна.
Т.Элиса
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com