“S&P” агентлаг Монголын нэг хүнд ногдох ДНБ-ийг хоёр дахин өсөхөөр таамаглажээ
Монгол Улсын
зээлжих зэрэглэлд "BB-" гэсэн сөрөг төлвийг өгөөд байгаа олон улсын
кредит үнэлгээний “Standard and Poors” агентлаг Монголын нэг хүнд ногдох дотоодын нийт
бүтээгдэхүүний хэмжээг 2015 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ.
Тодруулбал, 2012 оны эцсийн байдлаар 3772 ам.доллараар хэмжигдсэн Монгол Улсын
нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээг 53 хувиар нэмэгдэж 7064
ам.доллар болно гэсэн таамгийг “S&P” агентлагаас
гаргаад байгаа аж. Энэ тухайгаа тус агентлагийн зүгээс тайлбарлахдаа Монгол Улс
дэлхийн түүхий эдийн гол хэрэглэгчидтэй хөрш учраас уул уурхайн салбар нь
цаашид ч өснө гэдгийг онцолсон байна. Түүнчлэн нийт хүн ам харьцангүй залуу
учир дунд хугацаандаа шинэ аж ахуй эрхлэгчид төрснөөр эдийн засагт дэм болох
хандлагатай байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд нөлөөлнө гэж үзжээ. Гэвч
бусад ажиглагчдын онцолж байгаачлан уул уурхайн салбарын эрчимтэй өсөлтөд гадны
хүчин зүйлээс илүүтэйгээр улс төр, эрх зүйн орчны тодорхойгүй байдал чөдөр
тушаа болж байгаа гэдгийг ч тус агентлагийн зүгээс хүлээн зөвшөөрсөн байна. Харин
нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2015 он хүртэл жил бүр 9.1
хувиар өснө гэж “S&P” агентлагаас тооцоолоод байгаа нь
Монголтой ижил түвшний зээлжих зэрэглэлтэй, хөгжиж буй орнууд дундаас хамгийн
өндөр өсөлтөд тооцогдож байгаа юм. Таамгийг гаргахад голлон авч үзсэн Монголын
уул уурхайн салбарын хувьд 2006 онд хөдөө аж ахуйн салбараа давж гарснаас хойш
эдийн засгийн гол тулгуур үзүүлэлт болж байгаа бөгөөд 2012 оны байдлаар дотоодын
нийт бүтээгдэхүүний 21.5 хувийг бүрдүүлсэн байна.
М.Дэлгэрмаа
Холбоо барих: Delgermaa.m@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com