Silver Elephant Mining: “Улаан овоо” нүүрсний уурхайн олборлолтыг IV улиралд эхлүүлнэ
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining”-ийн охин компани “Mega Thermal Coal” энэ оны IV улиралд “Улаан овоо” нүүрсний уурхайд олборлолтоо эхлүүлнэ гэж мэдэгдлээ.
“Mega Thermal Coal” компани Монголд “Улаан овоо” болон “Чандгана” нүүрсний төслүүдийг эзэмшиж, үйл ажиллагааг нь хариуцдаг.
2021 онд Эрээнд нүүрсний үнэ бага байсантай холбоотойгоор “Улаан овоо” уурхайгаас БНХАУ-д нүүрсний тээвэрлэлт хязгаарлагдмал байсан аж. Үүний улмаас 2021 оны эцсээр компани уурхайн үйл ажиллагааг зогсоожээ. Харин 2022 он гарсаар Ньюкастл боомтод эрчим хүчний нүүрсний үнэ дөрөв дахин өсөж, тонн нь 427 ам.доллар буюу бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн юм.
Нүүрсний үнэ сэргэж, боомтын үйл ажиллагаа сайжирснаар тус компани экспортоо дахин эхлүүлэхээр зорьж байна.
Тогтмол хурдаар ажиллавал сард 30 мянган тонн нүүрс олборлох боломжтойг “Mega Thermal Coal” компани мэдэгдэлдээ дурджээ. Одоогийн байдлаар “Улаан овоо” уурхайн талбайд 90 мянган тонн нүүрс хуримтлагдсан байна.
Сэлэнгэ аймгийн нутагт орших “Улаан овоо” нүүрсний ордын таамаг нөөц 174.5 сая тонн, боломжит нөөц нь 34.3 сая тонн байгаа аж.
Харин Хэнтий аймагт байрлах “Чандгана” хавтгай уурхайн эрчим хүчний нүүрсний баттай болон бодит геологийн нөөц нь 1.05 тэрбум тонн байна. “Чандгана тал” уурхайн хувьд 124.4 сая тонн эрчим хүчний нүүрсний таамаг нөөцтэй гэж гарчээ.
С.Өнөрсайхан | @unursaikhan_sor
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com