Samsung Electronics: Програм хангамж, платформ хөгжүүлэх өрсөлдөөн ширүүсч байна
Азийн технологийн хамгийн том компани болох “Samsung Electronics”-ийн удирдлагууд 2016 оны эдийн засгийн өсөлтийг тааруу байна гэж үзээд програм хангамж, платформ хөгжүүлэх салбарын өрсөлдөөн техник хангамжийн өрсөлдөөний адил ширүүсч байгааг анхаарууллаа. Энэ өрсөлдөөнийг хэрхэн давж гарах арга замыг эрж хайхыг “Samsung”-ийн удирдлагууд инженерүүдээсээ хүссэн байна. "Энэ онд ухаалаг гар утасны зах зээлээс гадна телевизор, санах ойн чипний зах зээлийн өрсөлдөөн эрчимжинэ" гэж “Samsung”-ийн ТУЗ-ийн дэд дарга мэдэгдлээ. Түүнчлэн "Технологийн салбарын уламжлалт ёс эвдэгдэж, бид өмнө нь байгаагүй өөр замаар өрсөлдөх шаардлага гарч ирж байна" гэж онцолсон байна. Дэлхийн ухаалаг гар утасны хамгийн том үйлдвэрлэгч “Samsung Electronics” өнгөрсөн сард гар утасны нэгж хариуцсан захирлаар хөдөлгөөнт төлбөр тооцооны үйлчилгээ “Samsung Pay”-ийг удирдсан Ку Дун Жинийг томилсон юм. Энэ нь тус компанийн хамгийн ашиг орлоготой нэгжийн энэ жилийн үйл ажиллагаа хаашаа чиглэхийг харуулсан хэрэг болсон гэж ажиглагчид дүгнэж байна. 2015 онд “Samsung”-ийн зах зээлийн үнэлгээ 8 тэрбум ам.доллараар буурсан бөгөөд энэ нь “Galaxy S6” болон “Galaxy Note 5” төхөөрөмжүүдийн борлуулалт эдийн засагчдын таамагт хүрээгүйгээс хувьцааны ханш буурсантай холбоотой ажээ. Тус компани энэ баасан гарагт IV улирлын санхүүгийн үзүүлэлтээ танилцуулах товтой байна. 2015 оны ашгийн дүн сүүлийн дөрвөн жилд байгаагүй сул гарна гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байгаа юм.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com