“Samsung Electronics” компани “Galaxy S”, “Galaxy Z” цувралынхаа шинэ загваруудыг танилцууллаа
“Samsung Electronics” компани ухаалаг гар утасны бизнесийн стратегидаа сүүлийн хэдэн жил байгаагүй томоохон өөрчлөлт хийхээр болсон байна.
Тухайлбал: гол цуврал болох “Galaxy S” болон “Galaxy Z” цувралд анхаарахаар болж байгаа аж. Харин том дэлгэц, тэмдэглэл хөтлөх зориулалт бүхий үзэгтэй “Galaxy Note” цувралын хөгжүүлэлтийг зогсоохоор болжээ.
Ухаалаг гар утасны үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Samsung Electronics” компани энэхүү шинэ стратегиа “Apple”-ийг “сөрөх” төлөвлөгөө хэмээн тайлбарлаж байна. Хоёр жилийн өмнө тус компанийн удирдлагууд технологийн томоохон шинэчлэл нэвтрүүлэхээс нааш стратегидаа өөрчлөлт хийхгүй гэж мэдэгдэж байсан юм.
“Samsung Electronics” стратегиа шинэчлэхтэй зэрэгцээд “Galaxy S22”, “Galaxy S22 Plus”, “Galaxy S22 Ultra” загваруудаа танилцууллаа. Тус компани “Galaxy S22 Ultra” загвартаа хөгжүүлэлтийг нь зогсоож буй “Galaxy Note”-ийн гол онцлогуудыг багтаахаар болсон байна. Тухайлбал: “Galaxy S22 Ultra” загвар нь өргөн дэлгэц, мэдрэгч үзэгтэй байх аж.
Дээрх бүтээгдэхүүнүүд хувилбараасаа шалтгаалан 799 ам.доллароос 1199 ам.долларын үнэтэй байх юм байна. Нийлүүлэлт нь хоёрдугаар сарын 25-наас эхэлнэ.
Түүнчлэн “Galaxy Tab S8”, "Galaxy Tab S8 Plus”, “Galaxy Tab S8 Ultra” загваруудаа танилцууллаа. Эдгээр нь одоогоор зах зээлд буй хамгийн том дэлгэцтэй таблетууд болж байна.
“Apple”-ийн хамгийн том хэмжээтэй таблет “iPad” нь 12.9 инчийн өргөн дэлгэцтэй бол “Galaxy Tab S8 Ultra” загварын таблет 14.6 инч хэмжээтэй байх ажээ.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com