“Samsung Electronics” компани “Apple”-д 548 сая ам.долларын торгууль төлөхөөр болов
Шүүхээс шийдвэрлэсний дагуу “Samsung Electronics” компани “Apple”-д 548 сая ам.долларын торгууль төлөхөөр болсон байна. Хэдий тийм боловч энэ нь хоёр компанийн хооронд удаан үргэлжилсэн патентын маргааныг эцэслэхгүй гэдгийг онцолжээ. БНСУ-ын технологийн хамгийн том компани давж заалдах шатны шүүхэд хандаж, торгуулийн төлбөрийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч шүүхээс хүлээн аваагүй байна. Хэрэв АНУ-ын Патент, худалдааны газраас шүүхээс тавьсан торгуулийг хүчингүй болговол нөхөн төлбөр шаардана гэдгээ “Samsung Electronics” компаниас илэрхийлжээ. Таван жилийн өмнө “Apple” компани “Samsung”-ийг “iPhone” гар утасны загвар, дизайныг хуулбарласан хэргээр анх шүүхэд дуудаж байсан юм. Сүүлийн 5 жилийн турш бүтээгдэхүүн борлуулагдаж байгаа ихэнх улс орон шүүхийн хэрэг үүсгээд байсан ч АНУ-аас бусад зах зээл дэх хэргүүдийг хэрэгсэхгүй болгохоор тохиролцжээ.
Г.Ану
Холбоо барих: anu.g@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com