“Samsung Electronics”-ийн зах зээлийн үнэлгээ 44 тэрбум ам.доллараар буурчээ
Ухаалаг гар утасны зах зээлд борлуулалтаараа тэргүүлэгч “Samsung Electronics” компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш бараг 44 тэрбум ам.доллараар буураад байна. Энэ сард тус компанийн хувьцааны ханш Сөүлд 8.1 хувиар буурсан нь зах зээлийн үнэлгээгээ 12 тэрбум ам.доллараар алдахад хүргэжээ. Kospi индекст бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханшийн уналт 1983 оны 12 дугаар сараас хойш байгаагүйгээр урт хугацаанд үргэлжилж байгаа юм. Сүүлийн зургаан сард “Samsung Electronics” компанийн хувьцааны ханшийн уналт индекст бүртгэлтэй 758 компани дундаас хамгийн муу гүйцэтгэлтэй хувьцаагаар нэрлэгдэхэд хангалттай байлаа. Ухаалаг гар утасны зах зээлийн өрсөлдөөн ширүүсч байгаа нь зах зээлийн гол тоглогчид ийнхүү хүндээр тусч байна. Мөн санхүүгийн үзүүлэлтийг нь аваад үзвэл сүүлийн таван улирал дараалан ашиг нь буурсан дүнтэй байгаа юм. Хамгийн сүүлийн буюу өнгөрсөн улирлын статистик мэдээллээс харахад тус компанийн ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хувь гурван нэгж хувиар буураад байна. Үүнд “Apple”-ийн илүү том дэлгэцтэй ухаалаг гар утаснууд болон БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн хямд загварууд сөргөөр нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com